Tuesday, July 23, 2013





Э.Сноуденийг Орост гэрлэх санал, ажил, орон сууц хүлээж байна

Нэг сарын өмнө Москвагийн Шереметьево нисэх буудалд учир битүүлгээр ирсэн Тагнуулын төв газрын шинжээч асан Эдвард Сноуден гэрлэх санал, ажил, гэр хүлээж байгаа Орос оронд эрх чөлөөгөө олж авах бололтой. “Шударга бусаар мөрдөгдөн зовж байгаа хэн бүхнийг манай ард түмэн үргэлж энэрэнгүй сэтгэлээр хүлээж авдаг. Бурхны хүслээр Эдвард Сноуден Орост түр орогнох эрхтэй боллоо” хэмээн Оросын “Пчелки” ортодокс байгууллагаас мэдэгдлээ. Тус байгууллага америк залууд туслах сан байгуулснаа зарласан байна. Өмгөөлөгч Анатолий Кучерений хэлж буйгаар, Сноуден цаашдын хувь заяагаа өөрөө шийдвэрлэх боломжтой болж байгаа аж. Ямартай ч Америкийн нууц байгууллагуудын тагнуулын сүлжээ, булхайг ил гаргасныхаа төлөө АНУ-ын хууль хяналтын байгууллагаар хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байгаа экс тагнуулчийн түр зуурын гэрээр Орос орон тодорч байх шиг. Сноуден өнгөрсөн долоо хоногт Оросын цагаачлалын албанаас түр хоргодох эрх хүссэн бөгөөд түүний өмгөөлөгч “Бид хамтдаа Москвагаар зугаалах болно. Түүнийг Улаан талбай дээр хараарай” хэмээн ярьжээ.
29 настай америк залуу эдүгээ ОХУ-ын Холбооны цагаачлалын албанаас хоргодох эрхийнхээ хариуг хүлээж байна. Түүний хүсэлтийг хүлээн авахгүй байх шалтгаан байхгүй бөгөөд хариу ирсэн даруйд нисэх буудлын дамжин өнгөрөх бүсийг орхиж Орос улсаар чөлөөтэй зорчиж болох ажээ. Оросын Дотоод хэргийн яам, прокурорын газраас гаргасан мэдэгдэлд, Сноуденийг хүлээн авч, аюулгүй байдлыг нь хангана хэмээгээд ямар ч тохиолдолд түүнийг АНУ-д хүлээлгэн өгөхгүй гэсэн байна. Хэдэн жилийн өмнө АНУ руу гарч бүгсэн Чеченийн алан хядагч Илиас Ахмадовыг ОХУ шилжүүлэн авахаар хөөцөлдсөн ч Вашингтон татгалзсан хариу өгч байсан юм. Оросууд 20 орчим гэмт хэрэгтэн, алуурчин, террористыг хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан ч Америкийн тал татгалзаж байсныг ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Гэмт хэрэгтэн шилжүүлэх хэлтсийн дарга Сергей Горленко дурдлаа. Энэ хооронд Вашингтон ОХУ-д хандан “зөв хөдөлж”, төрийн нууцыг задруулсан этгээдийг АНУ-ын шүүхэд шилжүүлэн өгөхийг дахин шаарджээ.
Эдвард Сноуден түр орогнох эрх олж авбал дүрвэгсдэд олгодог хүмүүнлэгийн статус буюу нэг жил орогнох эрхтэй болно. Тэгвэл тэрээр Орост ажил хөдөлмөр эрхэлж орос иргэдтэй бараг адил эрх эдлэх юм. Иргэдийг хууль бусаар тагнаж, чагнадаг АНУ-ын нууц хөтөлбөрийг илчилснийхээ төлөө хүнд байдалд ороод байгаа Сноуденийг оросууд ихэд дэмжиж байгаа аж. Оросууд түүнийг дэмжих сан байгуулж, хандив цуглуулж байна. Герман дахь Олон улсын шударга тод байдал байгууллагаас Сноуденд шагналаа олгожээ. Эрх чөлөөг хамгаалагчдад олгодог энэ шагналыг дөрвөн мянган доллар дагалддаг. Үүнээс гадна Сноудентэй гэрлэх, орон сууц олгох санал олноороо ирээд байгаа аж. АНУ-д тагнуул хийж байгаад баривчлагдан, дараа нь Орост баривчлагдсан америк тагнуулчдаар "арилжигдан" эх орондоо ирсэн дур булаам, залуухан бүсгүй Анна Чапман түүнтэй гэрлэсэн ч яахав гэдэг санаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн билээ. Анна эдүгээ загвар өмсөгч, бизнесмэн болж, Оросын хамгийн цуутай сайхан бүсгүйчүүдийн нэг болсон билээ. 

Эдвард Сноуден Орост ямар ч ажил хийсэн АНУ-ын нууц албаны мэдээллийг ил болгох үйл хэргээсээ татгалзах хэрэгтэй болж байна. “Сноуден Орос-Америкийн харилцаанд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” хэмээн Кремлийн тэргүүн В.Путин сануулсан билээ.
29 настай экс тагнуулч Оросын иргэншил хүсч магадгүй байна. Эхэндээ тэрээр улс төрийн орогнол олгоход бэлэн байгаа Венесуэль, Никарагуа, Болив улс руу гарах сонирхолтой байсан ч энэ санаагаа орхисон бололтой. “Хэн нэгэн хүн манай иргэншлийг хүсч өргөдөл гаргавал судалж үзэх болно” хэмээн Кремлийн төлөөлөгч мэдэгджээ.

No comments:

Post a Comment