Monday, July 22, 2013







Фалькао, та хэдэн настай вэ?

Испанийн “Атлетико” клубээс Францын “Монако” клубт 60 сая доллараар ирсэн колумб довтлогч Радамель Фалькао 27 настай, 1986 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн хэмээн бүх бичиг баримт дээр нь байдаг аж. Гэтэл тэрээр хүүхэд ахуйдаа сурч байсан Колумбийн Букараманга хотын Сан Педро Клавер сургуулийн бичиг баримт дээр түүнийг 1984 онд төрсөн гэж тэмдэглэсэн байжээ. Фалькаогийн эцэг “Энэ бол алдаа” гэж байгаа бол, сургуулийн захиргаа “Сургуулийн шилдэг сурагч байсан Фалькаог яам руу бүртгүүлэх үеэр ийм бичиг баримт гарч ирсэн. Манай бичиг баримт бол баараггүй” хэмээн мэдэгдэж байна. Ийнхүү моодонд ороод байсан колумб довтлогч шууд хоёр насаар “хөгшрөв” бололтой.

Дани Афганистанаас цэргээ гаргалаа

Дани улс Афганистанаас цэргээ татлаа хэмээн DR телевиз мэдээлэв. Долдугаар сарын 22-нд Данийн 250 тэнгисийн цэрэг Хельманд муж дахь Camp Price баазыг орхижээ. Гэвч цөөн тооны дани цэрэг афган цагдаа нарт туслахаар Афганистанд үлдэж байгаа юм. Сүүлийн 12 жилд Данийн 43 цэрэг Афганистанд амь үрэгдэж, 211 цэрэг шархадсан байна. Дани улс Афган дахь цэргийнхээ зардалд 26.3 тэрбум доллар зарцуулжээ.

Автобус шатаж 19 хүн амиа алджээ

Тайландад зорчигч тээврийн автобус ачааны машинтай мөргөлдсөний улмаас 19 хүн нас бараад байна. Хоёр давхар автобус машинтай мөргөлдсөний дараа шууд шатжээ. 19 хүн газар дээрээ, нэг хүн эмнэлэгт нас баржээ. 20 хүн гэмтэж бэртсэн аж. Урьдчилсан шалгалтаар, ачааны машин эсрэг урсгалд орж Бангкокоос гарч явсан автобусыг мөргөсөн байна. Ачааны машины жолоочийг баривчилжээ.

“Хезболла” Европын холбооны шийдвэрийг зэмлэв

Ливаны өмнөд нутагт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг лалын “Хезболла” бүлгийн цэргийн жигүүрийг Европын холбоо террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан билээ. Тус бүлэг энэ шийдвэрийг “түрэмгий, шударга бус” хэмээн буруутгаад энэ шийдвэрийг зөвтгөх ямар нэг шалтгаан алга гэжээ. Хэд хоногийн өмнө Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Брюссельд хуралдахдаа “Хезболла”-гийн цэргийн жигүүрийг террорист байгуулага хэмээн үзэх шийдвэр гаргасан юм. АНУ, Израиль, Их Британи, Канад, Египет улс “Хезболла”-г террорист байгуулага хэмээн үздэг ажээ.  

Сербийн тэргүүн баян барьцаагаар суллагджээ

Сербийн хамгийн баян иргэн, үйлдвэрийн эзэн Мирослав Мишкович 2012 оны эцсээс хойш хоригдон шалгагдаж байгаад өчигдөр 12 сая долларын барьцаа төлж суллагджээ. Энэ тухай Белградын дээд шүүхээс мэдэгдсэн байна. Мишкович санхүүгийн луйвар хийсэн хэргээр буруутгагдаж байгаа юм. 68 настай бизнесмэний гадаад паспортыг хурааж, сар бүр Белградын цагдаагийн хэсэг дээр ирж бүртгүүлж байхыг тушаажээ.

Мохамед Мурси хулгайлагдсан гэв

Египетийн Ерөнхийлөгч асан Мохамед Мурси хулгайлагдсан хэмээн түүний гэр бүлийнхэн мэдэгдлээ. Мурсийн охин Шаима “Цэргийнхэн миний эцгийг хулгайлж хорилоо” хэмээн “Аль-Арабия” телевизэд ярьжээ. “Лалын ахан дүүс” хөдөлгөөний харъяанд байдаг Эрх чөлөө, шударга ёс намын төлөөлөгч “Шүүхийн шийдвэргүйгээр гэрийн хорионд оруулсан нь хулгайлж, барьцаалсантай адил” хэмээн мэдэгдлээ.
Египетэд цэргийн эргэлт гарснаас хойш Мурсигийн гэр бүлийнхэн ч, хамтран зүтгэгчид нь ч түүнийг хараагүй аж. Энэ өдрүүдэд Каир хотноо эрх мэдлээсээ хүчээр зайлуулагдсан Ерөнхийлөгчийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсаар байна.

No comments:

Post a Comment