Saturday, July 27, 2013






Үхэр тэрэг, Мерседесийн хоорондох Хойд Солонгос

Австралийн үхрийн гол мах, Бурдо дарс, лаазтай Пепси Кола, өндөр өсгийт гутал тэргүүтэн Пхеньяны хамгийн шилдэг супермаркетэд өнгө алаглана. Тэнд Hennessy конъякийг зарах үнэ нь 250 евро. Төрийн албан хаагчид нь сарын гурван мянган воны цалинтай (албан ёсны ханшаар 20 евро) тул ийм тансаг хэрэглээ цөөхөн хэдэн хойдсолонгост “заяагджээ”. Хорчийсон байцааны навч, өнгө муутай алимнаас өөр гялайх юмгүй улсын дэлгүүрүүдийн хажууд эдгээр супермаркетууд нь дүүрэн бараатай, хойд иргэд хааяа нэг орж ирэн нүд хужирлан, харж ч болтугай хорхойгоо дарах аж. Тэнд арван мянган воныг өрнөдийн валютаар солин НҮБ-ын хориг арга хэмжээг тохуурхан Хятадын хилээр оруулж ирсэн барааг худалдаж авах ажээ.
Залуухан Ким Чен Уны дэглэм эдийн засгаа бага зэрэг нээлттэй болгосон ч Японд цагаачлан гарсан хагас сая хойдуудын ар гэртээ илгээдэг мөнгө, худалдаа наймааг хянадаг төрийн болон цэргийн албан тушаалтнуудыг авлигаддаг мөнгө эдийн засгийг нь хүссэн хүсээгүй нээж, “урагшлуулж” байна. Одоогийн удирдагчийн эцэг, өвөө Ким Чен Ир, Ким Ир Сен нарын дүртэй тэмдгийг энгэртээ зүүж, жуулчдыг хаа ч явсан дагалдан харгалзаж явдаг Засгийн газрын хөтөчүүд өмнө нь хориотой байсан “цайны мөнгө” авч болдог болжээ. Хотын төв талбайгаар хосууд гараасаа хөтлөлцөн алхахыг бас л саяхан болтол хориглож байлаа. Бээжингийн нислэгээр буцан ирж байгаа дипломатууд гэр бүл, хамаатан садандаа бэлэглэх, эсвэл дамлан зарах гэж байгаа электрон бараагаар чемоданаа дүүргэн ирэх болов. НҮБ-ын хориг аргах хэмжээ хүчин төгөлдөр байгаа ч Пхеньяны төмөр замын буудлын эсрэг талын дэлгүүрт Sony компьютерийг 850, Sanyo зурагтыг 380 доллараар зарж байх ажээ.
Пхеньяны эртний өргөн чөлөөгөөр автомашинууд улам их үзэгдэх болсон байна. Гэхдээ зөвхөн Хятадын компанитай хамтран үйлдвэрлэсэн үндэсний брэнд Fiparam хөнгөн тэрэг, Samcheonri фургон бус, Хөдөлмөрийн намын дээд тушаалтнуудын хөлөглөх дуртай өндөр зэрэглэлийн Audi, BMW, Mercedes ч харагдах аж. Өнгөрсөн жил Чанжеон гудамжинд сүндэрлэн боссон 45 давхар тэнгэр баганадам орчин үеийн барилгын хажууд пирамид хэлбэртэй Ryugyong зочид буудал баригдаж дуусч байна. Гар утас Пхеньяны иргэдийн шинэ билэг тэмдэг болж, Кока-Кола болон Marlboro тамхи санал болгодог пицца болон гамбургерийн хэд хэдэн газар нээгджээ.
Гэвч хаалттай коммунист дэглэмийн элит ангийнхан амьдардаг нийслэл хотоос гарахад л Хойд Солонгосын уйтай, цөхөрсөн амьдрал залгаж авна. Чонгсанри үйлдвэр рүү явахад замын хоёр талаар тариачид үхэр тэргээр газар хагалан, болхи багаж хэрэгслээр ажил хийж байх нь тааралдана. Өмнөх талбайдаа улс орны эцэг Ким Ир Сений хөшөөг залсан 2500 ажилчинтай Чонгсанри үйлдвэр нь ургац нэмэгдүүлэх нэг арга хэмээн үзэж буй хүлэмжийг үйлдвэрлэн хөдөө нутагт суулгадаг аж.
“Бид жил бүр нэг хүний 400 кг цагаан будаа, 300 кг төмс, улаан лооль болон бусад хүнсний ногоо хүлээж авдаг” хэмээн хоёр ач зээгээ харан суудаг 59 настай эмээ Чой Оксон өгүүлж байна. Гадаадын зочид, гийчдийг түүн дээр авчирч байхаар сонгосон тул Чой эмээ үлгэр жишээ байх ёстой. “Зөвхөн удирдагчдын төрсөн өдөр зэрэг онцгой тохиолдолд бидэнд мах өгдөг. 90-ээд оны хэцүү цаг үеийг (Их өлсгөлөн) бодвол байдал хавьгүй сайжирсан” хэмээн тэрээр ярилаа. 90-ээд оны Их өлсгөлөнгийн үеэр Пхеньян 300 мянган иргэнээ алдсан гэдэг бол, гадаадынхны тооцоогоор сая гаруй хүн амь насаа алджээ.
Капитализмийн зүг чимээгүйхэн, ичингүйрэн алхаж байгаа тус улсад тариачид эдүгээ гэрийнхээ гадаа тариа, ногоо тарьж орон нутгийн зах зээл дээр худалдах эрхтэй болсон юм. Ингэж олсон мөнгөөрөө өөр зүйл худалдан авч тосгондоо авчран дамлан зарах моод дэлгэрчээ. Хэдийгээр армийн хянан шалгах постуудаар хүмүүсийн хөдөлгөөнийг хянаж, өөр хот руу явахыг хориглодог ч нуруун дээрээ, дугуйн дээр хүнд, овор ихтэй зүйл үүрсэн, ачсан хүмүүс замын хоёр талаар шоргоолж шиг бужигналдах болсон байна. Мөн цахилгааны хомсдолд орсон иргэд орон гэрээ халаахын тулд баглаатай, шуудайтай түлээ үүрэн алхална. Өдрийн хэдхэн цагт нь гэрэл цахилгаан ирээд алга болдог аж. Үхэр тэрэг, Mercedes-ийн дундуур Хойд Солонгос улс тодорхойгүй ирээдүй рүү урагшилсаар байна.

No comments:

Post a Comment