Tuesday, June 28, 2016




Лондонд Европын холбоог дэмжсэн жагсаал боллоо

Их Британийн нийслэл Лондон хотод Европын холбооноос гарч буйг эсэргүүцсэн хагас тайван жагсаал болжээ. Лондон хотын Трафалгар талбайг хэдэн мянган хүн дүүргэж “Европын холбоо, бид та нарыг орхихгүй” гэсэн уриа, зурагт хуудас барьсан байв. Жагсаалыг зохион байгуулагчид Facebook-ээр зар түгээсэн ч 50 мянган ирнэ хэмээн бүртгүүлэн тул энэ жагсаал, цуглааныг цуцалсан аж. Трафалгар талбай нь 10 мянган хүний багтаамжтай бөгөөд тэнд 50 мянган хүн цуглавал цагдаа нар аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй ажээ. Гэсэн хэдий ч олон хүн цуглаж, Их Британийг Европын холбооноос гарч буйг эсэргүүцсэн жагсаал болов. Лондон хотын иргэдийн ихэнх нь Британийг Европын холбооноос гаргахын төлөө саналаа өгсөн юм. Эсэргүүцэгчид ирэх хагас сайнд парламентын ордны өмнө томоохон жагсаал хийхээр төлөвлөж байна.

Садио Мане Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч боллоо

Английн Премьер лигийн “Ливерпүүл” клуб “Саутхэмптон”-ы сенегал тоглогч Садио Манег 34 сая паундаар худалдаж авлаа. Ийнхүү 24 настай сенегал залуу хамгийн их үнэ хүрсэн Африкийн хөлбөмбөгч болов. Хөлбөмбөгийн хүрээнээс ирж буй мэдээллээс үзвэл, Манегийн шилжилт, наймааны үнэ 36 сая паундад хүрч магадгүй байна. Тэгвэл Садио Мане “Ливерпүүл”-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болох ажээ. Тус клуб 2011 онд Энди Кэрроллыг 35 сая паундаар худалдан авч байв. Европын хамгийн хүчтэй, том клубын нэгэнд тоглох болсондоо сэтгэл хангалуун байна хэмээн Садио Мане ярилаа. Өнгөрсөн улирлаас эхлэн герман дасгалжуулагч Юрген Клоппыг авчирсан “Ливерпүүл” клуб Премьер лигт наймдугаар байр эзэлсэн юм.

Казахстан Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болов

Казахстан улс 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болж байна. Ерөнхий Ассамблей дээр болсон санал хураалтаар, Казахстан 138 орны санал авсан бол, түүний гол өрсөлдөгч Тайланд 55 орны санал авчээ. Мөн Швед, Этиоп, Болив улс Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүн болсон байна. Тав дахь гишүүний эрхийн төлөө Итали, Голланд улс өрсөлдөж байгаа аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд НҮБ-ын тогтоолд хориг тавих эрхтэй Их Британи, Хятад, Орос, Америк, Франц гэсэн таван улс ордог. Байнгын бус арван гишүүн орныг хоёр жилийн хугацаатай сонгодог ажээ. Аюулгүйн зөвлөлд багтахын тулд тухайн орон Ерөнхий Ассамблейн гишүүдийн саналын гуравны хоёрыг авсан байх ёстой. 2017 онд Ангол, Венесуэль, Испани, Малайз, Шинэ Зеландын байнгын бус гишүүний эрх дуусах ажээ.

Ж.Ленноны цустай цамц 41 мянган доллараар зарагдав

“Битлз” хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Ленноныг алуулах үед хажууд нь зогсож байсан харуул Жей Гастингсийн цамц багагүй үнээр зарагдлаа. Ленноны цус үсэрсэн энэхүү цагаан цамцыг дуудлага худалдаагаар оруулж 41 мянган доллараар зарлаа хэмээн The Daily Mail сонин уламжлав. Леннон 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Дакота” барилгын өмнө шүтэн бишрэгч Марк Чапманд буудуулан амиа алдсан юм. Аллаг болох үед ойрхон зогсож байсан хаалгач Гастингс цусанд будагдсан дуучинд туслахаар очсон аж. Ийнхүү түүний цагаан цамцан дээр нэрт дуучин, хөгжимчний цусны толбо үлдсэн ажээ. Энэхүү цамцыг дуудлага худалдаагаар оруулж есөн мянга 300 доллараас эхэлж дуудсан байна. Гастингс энэ цамцаа 30 жилийн турш хэнд хэлэлгүй шүүгээндээ хадгалж байжээ. Саяхан бас Жон Ленноны 10 см урт туг үсийг 35 сая доллараар зарж байсан билээ. 

No comments:

Post a Comment