Monday, June 20, 2016




Д.Трампыг алахыг хүссэнээ хүлээн зөвшөөрөв

Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг Лас-Вегаст уулзалт хийж байхад нууц албаны ажилтны бууг булаан авах гэж оролдсон 19 настай залуу Бүгд найрамдах намын сунгаанд тэргүүлж яваа Трампыг буудах санаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Майкл Стивен хэмээх залуу тэрбумтан улстөрчийг хөнөөх зорилгоор Нью-Жерсигээс Калифорнид ирсэн нь мөрдөн шалгалтаар тодорхой болж байна. Түүний биеэс Их Британид олгосон жолоочийн үнэмлэх гарч иржээ. Тэрээр АНУ-д ирээд хагас жил болж байна хэмээн мэдүүлсэн аж. Майкл Стивен нэр дэвшигч Трампын амь насанд халдах гэж сүүлийн нэг жилийн турш бэлтгэж, зургадугаар сарын 17-нд Лас-Вегаст ирэхдээ буу эзэмших, буудах богино сургалтад хамрагджээ.
Дональд Трампын уулзалт дээр мань залуу хамгаалалтын ажилтны онгорхой гэрээс гар бууг нь авах гэж оролдсон аж. Стивений хэлж буйгаар, үүнийг зэвсгийг гартаа оруулах хамгийн амархан арга хэмээн үзэж байжээ. 19 настай Майкл Стивен гар бууг булаан авч, өөр хамгаалалтын ажилтнууд өөрийг нь буудаж унагахаас өмнө хоёр удаа буудаж амжина хэмээн тооцоолсон байна. Тэрээр Лас-Вегас дахь уулзалт дээр Трампыг алах боломж гарахгүй бол Финиксийн уулзалт дээр санаснаа гүйцээх төлөвлөгөөтэй байжээ. Стивен Финикс дахь уулзалтын тасалбарыг захиалаад авчихсан байсан аж.

Ховдог, хөнөөлтэй загас Туркийн эрэг рүү ойртож байна

Хортой далавчит загасны сүрэг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр тархаж Турк, Киприйн эрэг рүү ойртож байна. Ховдог, хөнөөлтэй энэ загас далай, тэнгисийн амьтны аймаг болон хүнд аюултай хэмээн мэргэжилтнүүд сануулж байна. Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдээлж буйгаар, хөнөөлтэй загас нь саяхнаас л Туркийн эрэг орчмоор ажиглагдаж эхэлжээ. “Энэ загас нүүдэллэж, тархаж байгаа нь батлагдаж байна. Санаа зовоох асуудал гарч ирлээ” хэмээн тус холбооны төлөөлөгч “АР” агентлагт ярьжээ. Далавчит загасны тархалт далай, тэнгисийн эко систем, загасны үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг орон нутгийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна.
Далавчит загасны эх нутаг нь Карибын тэнгис. 1990-ээд оны эцсээр энэ загасны сүрэг огцом өсчээ. Хүн далавчит загасны хэлэнд хатгуулбал үхэлд ч хүргэх аюултай. Аварга загаснууд хүртэл далавчит загастай тулгарахаас зайлсхийдэг ажээ.

Бахрейн шиит шашны лидерийн иргэншлийг хасчээ

Бахрейны Засгийн газар шийт шашны лидер Иса Кассимийг гадаадын тагнуул, гар хөл хэмээн буруутгаж иргэншлийг нь хүчингүй болгожээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд, шашны лидерийг “Гадаадын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс төрд шашин, итгэл үнэмшлийг ашигласан” хэмээн дурджээ. Тэрээр Ираны шийт шашныхны ашиг сонирхолд үйлчилсэн хэмээн ажиглагчид таамаглаж байна. Кассим ийнхүү Бахрейний иргэншлээ хураалгаж апатрид буюу ямар ч улсын харъяалалгүй иргэн болжээ. Улс орны аюулгүй байдалд хор хохирол учруулбал иргэншлийг нь хасна гэсэн хуулийн дагуу эрх баригчид ийм шийдвэр гаргаад байна. Мөн улс оронд хэт даврах үзэгдэл гаарахаас сэргийлж байгаа аж. Бахрейны иргэдийн дийлэнх нь шийт шашинтай. Иса Кассимийн иргэншлийг хассаныг Персийн булангийн хөрш араб орнууд сайшаан хүлээж авчээ. Харин хүний эрхийн Human Rights Watch байгууллага шашны зүтгэлтний иргэншлийг хассан нь хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн шүүмжилсэн байна.

Ф.Олландын амрагт төсвөөс 400 мянган евро зарцуулж байна

Францын Ерөнхийлөгчийн амраг Жюли Гайегийн аюулгүй байдлыг хангахад Францын төсвөөс жилд 400 мянган евро зарцуулж байна. Жүжигчин бүсгүйг цагдаа, тусгай албаны хоёр баг байнга харж, хамгаалж байгаа аж. Төрийн тэргүүний нууц амрагт (одоо бараг ил болсон) төсвөөс багагүй мөнгө зарцуулж байна гэсэн шуугиан дэгдэж хүчээ авсны дараа Татвар, тооцооны шүүх энэ зардлыг тодруулан гаргасан юм. Албаны баримтад тулгуурлан гаргасан тооцоогоор, Олландын сэтгэлийн амрагийн аюулгүй байдалд татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 287- 400 мянган евро зарцуулж байгаа аж. Олланд, Гайегийн нууц харилцаанд зөвхөн аюулгүй байдал бус, мөн өөр олон зардал гарч байгаа ажээ. 

No comments:

Post a Comment