Tuesday, June 28, 2016



Стамбулын нисэх буудалд дэлбэрэлт болж 28 хүн амиа алдлаа

Туркийн Стамбул хотын Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд халдлага болж дор хаяж 28 хүн амиа алдлаа хэмээн тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдэв. Шархдаж гэмтсэн хүний тоо 60-д хүрчээ. Халдлага, дэлбэрэлтийг амиа золиослогч хоёр этгээд зохион байгуулсан хэмээн Туркийн хууль сахиулах байгууллага үзэж байна. Хууль зүйн сайд Бекир Боздагийн баталж буйгаар, хоёр этгээдийн нэг нь нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд руу Калашниковын автомат буугаар гал нээсэн аж. Бусад гэрчийн мэдүүлгээс үзвэл, алан хядагчид автомат буугаар хүмүүс рүү гал нээж, дараа нь өөрсдийгөө дэлбэлсэн ажээ.
Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр хоёр дэлбэрэлт болжээ. Нэг дэлбэрэлт нь нисэх буудлын гадаа байдаг металл илрүүлэгч бүсэд, олон хүний дунд болсон аж. Түргэн тусламжийн баг гэмтэж, шархадсан хүмүүсийг яаралтай зөөж, цагдаа нар хэргийг газрыг, нисэх буудлыг хамгаалалтад авлаа. Шархдаж бэртсэн зарим хүнийг таксигаар зөөж байсан хэмээн Reuters агентлаг мэдээлэв.

Стамбулд газардахаар ирж, агаарт эргэлдэж байсан нисэх онгоцнуудыг Ататюркийн нисэх онгоцны буудалд газардахыг зөвшөөрсөн аж. Мөн Стамбулаас хөөрөх гэж байсан нислэгүүдийг хойшлуулж, зорчигчдыг  нь зочид буудалд байрлуулжээ. Алан хядах ажиллагаа үйлдэгдсэнээс хойш хэдэн нислэг хойшлоод байгааг зарлахад эрт байна хэмээн нисэх буудлын төлөөлөгч мэдэгдэв. Туркийн эрх баригчид Курдын салан тусгаарлагчид болон “Исламын улс” бүлгийг энэ халдлагад сэжиглэж байна. Ататюркийн нисэх онгоцны буудал нь өнгөрсөн оноос эхлэн Лондоны Хитроу, Парисын Шарль де Голлийн хамт Европын гурван том нисэх буудлын нэг болсон билээ. 2015 онд 61 сая хүн энэ нисэх буудлаар үйлчлүүлжээ.

No comments:

Post a Comment