Sunday, June 5, 2016



Монголчууд Европыг эзлэхэд цаг агаар саад болжээ

Монголчуудын XIII зуунд Европыг байлдан дагуулах хүсэлд муу цаг агаар саад болжээ. Төв Азийг тэр чигээр нь, бас Оросыг эзлээд Зүүн Европыг чиглэн давшиж явахдаа бүх тулаандаа ялалт байгуулж байсан талын Монголын морьтон баатрууд 1242 онд Унгарын тэгш талаас цэргээ гэнэт татан нутаг буцсан шалтгааныг ийнхүү тайлбарлаж байна. Швейцарийн Холбооны судалгааны хүрээлэнгийн Ульф Бунтген, АНУ-ын Тэргүүлэх судалгааны хүрээлэнгийн Никола Ди Космо нар Унгар дахь модны судал, түүхэн баримт бичигт судалгаа хийж ийнхүү дүгнэснээ Nature сэтгүүлд нийтэлжээ. Унгарыг эзлээд байсан монголчууд гэнэт мориныхоо амыг татаж шинэ Орос руу буцсан нь одоо ч олон таамаг, эргэлзээ дагуулдаг билээ. Энэ нь тэр үеийн Монголын хаад, удирдагчдын улс төрийн шийдвэр байсан хэмээн зарим нь үздэг бол, нөгөө хэсэг нь Зүүн Европын цэрэг, ард иргэд монголчуудын эсрэг санаанд багтамгүй эсэргүүцэл, тулгаралт үзүүлсэн гэдэг аж. Харин дээрх эрдэмтэд шинэ судалгаан дээрээ үндэслэн монголчууд Европыг гэнэт орхин нутаг буцсан нь зүгээр л муу цаг агаартай холбоотой хэмээн дүгнээд байна.

Монгол дайчидтай хамт дэлхийн дайдыг туулж гол түшиг тулгуур, анд нөхөр нь болж явсан монгол морьд нь олон жилийн таатай цаг агаарын ачаар Ази болон Оросын өргөн талын шим тэжээлт өвс, ургамлын ачаар хүч чадлаа олж авдаг байжээ. Эрдэмтэд Унгар дахь модны судал, ургалт, насжилт, мөн түүхэн баримт бичгийг судалж үзээд 1242 оны өвөл тун хатуу, хэцүү болсон хэмээн үзсэн аж. Өвөл нь цас ихтэй, маш хүйтэн болсон, хавар нь монгол цэргүүд ирэхэд их цас хайлан үер бууж газрын хөрсийг эргүүлж, Унгарын тэгш, нам дор тал нутаг шар усны үеэрт автаж тэр хавар нь цэцэг, ногоо муу ургаж морь мал нь бараг идэх өвсгүй болжээ. Үүнээс гадна газрын хөрс нурж, шавар ихтэй болсон нь аялах, урагш давшихад нэн хүндрэлтэй болсон байна. Энэ бүхний эцэст асар их газар нутгийг эзлээд байсан Монголын хаан, цэргийн удирдагчид өрнө зүг рүү хийж байсан их аян дайнаас татгалзаж, тал нутаг руугаа буцах шийдвэр гаргажээ. Монголчууд урт, их аян дайнаас залхсан ч байж болно, гэхдээ л таагүй цаг агаарын улмаас үүссэн нөхцөл байдал голлох нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байна. Тэд эргэж ирэх санаатай байсан байж болох ч нутаг буцсан хойноо энэ санаагаа орхисон хэмээн таамаглажээ. 

No comments:

Post a Comment