АНУ Украинд 220 сая долларын тусламж үзүүлнэ
АНУ энэ онд Украинд 220 сая долларын санхүүгийн тусламж
үзүүлнэ хэмээн мэдэгдлээ. Дэд ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхий сайд
Владимир Гройсмантай утсаар ярихдаа энэ тухай дуулгажээ. Вашингтон мөн Киевийн
шинэ Засгийн газраас дэвшүүлж буй шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжихээ
мэдэгдэв. Украин улс төсвийн хүндрэл бэрхшээлээ багасгахын тулд Дэлхийн валютын
сангаас тэрбум долларын тусламж авах шаардлагатай байгаа юм. Гэвч Киевийн эрх
баригчид Дэлхийн валютын сангаас амлаж байгаа 1.7 тэрбум долларын буцалтгүй
тусламжийг авахын тулд шинэчлэлийн нэмэлт хөтөлбөр батлах хэрэгтэй байгаа ажээ.
Азербайжанд сөрөг хүчнийг мөрдөж мөшгисөөр байна
Азербайжанд хүний эрх зөрчигдөж, сөрөг хүчнийг мөрдөж
мөшгисөөр байна хэмээн хүний эрхийн Amnesty International байгууллагаас
мэдэгдлээ. Эрх баригчид сүүлийн үед хэд хэдэн улс төрийн хоригдлыг сулласны 12
нь огт гэм буруугүй хүмүүс байгаа аж. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дансыг царцааж,
олон нийтийн байгууллагын ажлын өрөөг битүүмжилжээ. Хэдийгээр зарим хоригдлыг
суллаж байгаа ч иргэдийг улс төрийн үзлээс нь болж баривчилж, саатуулсаар
байна.
Тус улс дахь иргэний нийгмийн үйл ажиллагаа зогсож, Сэтгүүлчдийн
эрх чөлөө, аюулгүй байдлын хүрээлэн, Сонгуулийн мониторингийн төв, Ардчилсан
судалгааны хүрээлэн зэрэг байгууллагууд “үүдээ барьжээ”. Одоо ажиллаж буй
байгууллагууд улс төрийг шүүмлэхээ больсон аж. Эрх баригчид Facebook, Twitter
зэрэг нийгмийн сүлжээг хянаж, цагдах нь ихэсчээ.
Mossack Fonseca фирмийн ажилтныг баривчилжээ
Панамын Mossack Fonseca фирмийн IT хэлтсийн ажилтныг
Швейцарийн Женев хот дахь албан өргөөнөөс нь баривчилжээ. Тус фирмийн нууц
мэдээлэл алдагдсаны улмаас дэлхий даяар офшор шуугиан дэгдсэн билээ. Швейцарьт
баривчлагдсан ажилтныг хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрч,
хулгайлж, түгээсэн хэрэгт буруутгаж байна. Харин энэ ажилтан дөрөвдүгээр сард
дэлхий даяар тарсан “Панамын баримт бичиг”-т хамаатай эсэх нь тодорхойгүй
байна. “Панамын баримт бичиг”-ээр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон,
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийн хүмүүс, Исландын Ерөнхий
сайд, хөлбөмбөгч Лионель Месси, жүжигчин Жеки Чан зэрэг олон алдартны офшор
данс, хөрөнгө ил болж шуугиан дэгдсэн юм. Фирмийг үндэслэгч Рамон Фонсека,
офшор компаниудын мэдээлэл алдагдсан нь гаднаас довтолсон хакеруудын үйл
ажиллагаа хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.
Мексикийн баян эр сурагчдыг хуучин утсаар хангана
Мексикийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баячуудын нэг Карлос
Слим сурагчдыг боловсролын мэдээлэл, материалаар хангахын тулд эдэлж, хэрэглэж
байсан ухаалаг гар утаснуудыг цуглуулах хөтөлбөрийг эхлүүлээд байна. Дэлхийд
томоохонд тооцогдох гар утасны операторын компанийн эзэн Слим бүх насныханд
зориулсан мэдээ, материалтай үнэгүй танилцах боломжийг олгоно гэжээ. Тус
компани 1-2 жил хэрэглэсэн гар утсыг 500 песо буюу 26 доллараар санал болгож
байна. Энэ нь сурагчдыг хэрэгтэй мэдээллээр хангах хамгийн үр дүнтэй, өгөөжтэй,
хэмнэлттэй арга хэмээн ярилаа. Мексикт үйл ажиллагаа явуулдаг Испанийн Telefonica,
Америкийн AT&T операторууд мөн сургалтын материалыг гар утсаараа үнэгүй
үзэх боломжийг олгоно гэдэгт итгэж буйгаа Карлос Слим онцоллоо. Тэрээр дэлхийн
баячуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг ажээ.
Хятадад үер бууж олон хүний аминд хүрчээ
No comments:
Post a Comment