Ливид дэлбэрэлт болж 25 хүн амь үрэгдэв
Ливийн нийслэл Триполи хотос холгүй орших Гарабулли хотод
дэлбэрэлт болж дор хаяж 25 хүний аминд хүрчээ. 30 орчим хүн шархдаж гэмтсэн
байна. Зарим мэдээллээр, орон нутгийн иргэд Мисрата хотын зэвсэгт бүлгийнхэнтэй
маргалдсаны дараа зэвсгийн агуулах дэлбэрсэн аж. Тус бүлэг зэвсгийн агуулах,
эргэн тойронд нь байрлах хуаранг хамгаалж байсан бололтой. Босогчид энэ хэрэг
явдлын дараа хуаранг орхиж явжээ. Гарабулли хот орчим байгаа ВВС-ийн
сурвалжлагч, тус бүс нутгийн уулын зам хаагдаж, дэлбэрэлт, байлдаан болж буй
чимээ сонсогдож байна хэмээн мэдээлэв.
Гарабулли хотын нэг оршин суугч, дэлбэрэх бодистой ачааны
машин дэлбэрсэн хэмээн баталж байна. Мисратагийн нэг босогч дэлгүүрээс юм аваад
төлбөрөө хийхээс татгалзжээ. Дэлгүүрийн эзэн түүнийг буудсаны дараа босогчид
орж ирээд дэлгүүрийг, дэлгүүрийн эзний гэрийг шатаасан аж. Энэ гал түймрийн
улмаас тэсрэх бодис ачсан машин дэлбэрчээ. Энэ мэдээллийг бусад эх сурвалж батлаагүй
байна. Гарабулли нь Триполи хотоос зүүн тийш 50 км-т оршдог. Тэнд байдаг
хөдөлгөөн ихтэй шалган нэвтрүүлэх боомтыг нутгийн иргэд, босогчдын бүлэг
хянадаг ажээ.
Хойд Солонгос дунд тусгалын пуужин туршлаа
Хойд Солонгос дунд тусгалын хоёр “Мусудан” пуужин
харвалаа хэмээн Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг уламжлав. Эхний пуужинг
өглөөний 06.00 цагт, дараагийн пуужинг хэдэн цагийн дараа харважээ. Туршилт
амжилтгүй болсон хэмээн Өмнөд Солонгосын цэргийн түшмэл ярьжээ. Хойдууд пуужин
харвасныг АНУ-ын Номхон далайн цэргийн командлал бүртгэж авсан байна. Хоёр дахь
пуужин 400 км зам туулаад тэнгист унасан бололтой. Японы зэвсэгт хүчин түгшүүр
зарлаж, “Patriot”
пуужингийн цогцолборыг бэлэн байдалд оруулсан аж. Хойд
Солонгос дөрөв, тавдугаар сард “Мусудан” пуужинг туршиж байсан ч бүгд амжилтгүй
болсон юм. Энэ нь гурван мянган км-т байгаа байг онож устгах үзүүлэлттэй пуужин.
Өөрөөр хэлбэл, Японы хаана ч, мөн Америкийн мэдлийн Гуам аралд хүрэх чадалтай
ажээ.
Х.Клинтон: Трамп Америкийг дампууруулна
Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Дональд Трампыг “Тэр Америкийн
дампууруулна” хэмээн хатуухан шүүмжлэв. “Тэр Америкийг дампууруулахыг бид
зөвшөөрөх учиргүй. АНУ түүний дампуурсан казино шиг болох ёсгүй” хэмээн Хиллари
Охайо мужид иргэдтэй уулзахдаа хэлсэн байна. Экс тэргүүн хатагтай Трампыг дахин
егөөдөж “Тэр эдийн засгийг удирдах чадваргүй. Трамп бизнесийн олон ном бичсэн.
Гэвч тэдгээр нь бүгд 11-р бүлгээр төгсдөг” гэжээ. АНУ-ын дампуурлын хууль 11
бүлэгтэй байдаг аж.
Financial Times сонин саяхан уншигчдынхаа дунд судалгаа
явуулахад, Трампад Клинтоноос илүү итгэж байгаа нь харагджээ. Трампыг илүү их
ажлын байр бий болгоно хэмээн үзсэн байна. Хиллари мөн Трампыг татвар
төлөгчдийн мөнгөөр АНУ-ын санхүүгийн элит ангийн ашиг сонирхлыг хамгаалж байна
хэмээн үзжээ. “Дональд Трамп тэрбумтнуудад гурван их наяд долларын хөнгөлөлт
эдлүүлэх болно. Тэр Америкийн 120 мянган баян гэр бүлд 120 сая энгийн америк
иргэнээс ч их мөн өгнө” хэмээн Хиллари хэлсэн байна.
Н.Мадурог огцруулах гарын үсгийг цуглуулж байна
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх
бүх нийтийн санал асуулга явуулахад шаардлагатай 195 мянган хүний гарын үсэг
цуглуулах ажиллагаа эхэлж, эхний өдөр л 72 мянга 150 хүний гарын үсэг цуглаад
байна.
Сөрөг хүчний лидер
Энрике Каприлесийн хэлж буйгаар, бүх нийтийн санал асуулгын талыг баримтлагчид
хоёр хоногийн дотор эдгээр гарын үсэг үнэн, жинхэнэ эсэхийг батлах шаардлагатай
болж байгаа аж. Ерөнхийлөгч Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр
сард дуусна. Гэвч парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчин түүнийг
хугацаанаас нь өмнө буулгах сонирхолтой байна. Гарын үсэг маш хурдан цуглаж
байгаа нь Венесуэлийн иргэд Мадурогоос залхаж байгаагийн илрэл хэмээн Каприлес
хэллээ.
No comments:
Post a Comment