Эх орноосоо “цөлөгдсөн” Ерөнхийлөгч нар хаана, юу хийж
явна вэ?
Виктор Янукович (Украины Ерөнхийлөгч, 2010 - 2014 он)
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович 2014 оны хоёрдугаар
сард эх орноо орхин зугтжээ. Тэрээр ОХУ-д очиж тэндээс улс төрийн тэмцлээ
үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байв. Төрийн тэргүүний суудлаас нь ховхолж хаясан
Украины парламентын шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, би Украины хууль
ёсны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж байлаа. 2015 оны арванхоёрдугаар сард улс төрд
эргэн ирэх бодолтой байгаагаа дахин мэдэгджээ.
Тэрээр эдүгээ Москвагийн ойролцоо амьдарч байна. Түүнтэй
зэрэгцэн Украинаас зугтсан хамтран зүтгэгчид нь Януковичээс зайгаа барьжээ.
Мэдээж тэр Украинд буцаж очвол ирээдүй байхгүй, шүүх, цагдаа хүлээж байгаа.
Гэвч тэрээр хангалуун амьдарч байгаа аж. Украины Засгийн газрын эдийн засгийн
зөвлөх асан Андерс Аслундын хэлж буйгаар, Украины Ерөнхийлөгч асан Янукович
болон түүний гэр бүлийн хөрөнгө 12 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа ажээ.
Аскар Акаев (Киргизийн Ерөнхийлөгч, 1990 - 2005 он)
Мөн л эх оронд нь гарсан өнгөт хувьсгалын дараа Киргизийн
Ерөнхийлөгч Аскар Акаев зугтаж Орост очжээ. Улс төрийн замналаа эхлэхээс өмнө
зөвлөлтийн нэртэй эрдэмтэн, физикч байсан Акаев цаашдаа Бишкект ажиллаж,
амьдрахыг хүсч байна хэмээн мэдэгдэж байв. Гэвч буцаж очсонгүй. “Эх орноосоо
зугтах амаргүй байлаа. Намайг явсны дараа эх оронд минь цус урссан нь
харамсалтай. Би ингээд цөллөгт байж байсан нь дээр юм шиг байна” хэмээн ярьжээ.
2014 онд Бишкект ах нь өөд болж, оршуулганд нь очихоор явж байсан ч Бишкект
буухад нь баривчилж магадгүй гэсэн мэдээлэл аваад замаасаа буцжээ. Тэрээр одоо
зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийн сууж байна.
Акаевийн орыг залган босогчдын дундаас гарч ирсэн Киргизийн
Ерөнхийлөгч Курманбек Бакиев мөн л ард түмнээ дарангуйлсаар эцэст нь хөөгдөж,
Белорусьт очжээ. Удсан ч үгүй Белорусийн иргэншилтэй болж тэндээ амар тайван
амьдрах болжээ. “Одоо би ач, зээгээ харан сууж байна. Улс төр одоо надад
хэрэггүй. Харин ч цаг, завтай болоод сайхан байна” хэмээн Бакиев ярьжээ.
Бен Али (Тунисийн Ерөнхийлөгч, 1987-2011 он)
2011 оны нэгдүгээр сард “Арабын хавар” Тунист хүчээ авсны
дараа Ерөнхийлөгч Бен Али гэр бүлийн хамт зугтахаас өөр аргагүй болжээ. Тэрээр
Саудын Арабт очиж бүгэв. 2011 оны зургадугаар сард Тунисийн шүүх түүнд 35
жилийн эчнээ ял оноож, 65 сая долларын торгууль тавьжээ. Нэг жилийн дараа Тунисийн
цэргийн шүүх Бен Алид ардын бослогыг хүчээр дарах оролдлого хийж, жагсагчдын
амь насанд хүрсэн хэмээн бүх насаар нь хорих ял оноожээ.
Бен Али эх орноо орхин зугтахдаа 1.5 тн алт, 60 сая
доллар бэлнээр аваад явсан гэдэг. Гадаадын банкинд олон арван сая долларын
хадгаламжтай байсан ч Тунисийн эрх баригчид түүнийг нь царцааж чаджээ. Тэрээр
23 жил эрх барих хугацаанд гэр бүлийн гишүүд нь 20 сая долларыг гадаад руу
зувчуулсан ажээ.
No comments:
Post a Comment