Sunday, June 26, 2016



Испанид Ардын нам ялалт байгуулжээ

Испанид сүүлийн хагас жилд хоёр дахь удаагаа болж буй парламентын сонгуулийн дүн гарчээ. Ямар ч улс төрийн нам Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх үнэмлэхүй олонх болж чадсангүй. Ерөнхий сайд Мариано Рахойн тэргүүлдэг Ардын нам Испанийн парламентын доод танхим болох депутатуудын конгрессын 350 суудлын 137-г авчээ. Социалист ажилчдын нам өнгөрсөн сонгуулиас таваар бага буюу 85 суудал авч хоёрдугаарт жагсчээ. “Podemos (“Бид чадна”) зүүний эвсэл 71, барууны төвийн үзэлтэй “Иргэд” эвсэл 32 суудал авсан байна. 2015 оны арванхоёрдугаар сард болсон өмнөх сонгуульд парламентад багтсан дөрвөн гол намын аль нь ч үнэмлэхүй олонх болж чадаагүй байсан юм. Намууд эвсэл байгуулах талаар хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн ч эвслээ ч, Засгийн газраа ч байгуулж чадаагүй билээ. Ийнхүү тавдугаар сарын эхээр Испанийн хаан VI Фелипе парламентыг тарааж, шинэ сонгуулийг зарлахаас өөр аргагүй болсон юм.

Ерөнхий сайд Мариано Рахой сонгуулийн кампанит ажлын үеэр эдийн засгийн тогтвортой байдал, эсвэл “Podemos” намын санал болгож буй тодорхойгүй, эргэлзээтэй байдлын хооронд сонголт хийхийг иргэддээ уриалсан аж. Испани улс эдийн засгийн хямралаа давахын тулд Европын холбооны шаардлагыг биелүүлж, төсвөө хасч, “иргэдийн бүсийг чангалж” байх үед улс орон даяар үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөний суурин дээр хэт зүүний үзэлтэй “Podemos” нам үүсэн байгуулагдсан юм. Тус намынхан, Мариано Рахой тэргүүтэй Ардын нам 2008 оны санхүүгийн хямралын үр дагаварыг засч, залруулах чадваргүйн улмаас иргэдийн итгэлийг алдсан хэмээн үздэг аж. Гэвч Ардын нам, Испанийн эдийн засаг сэргэх шинж тэмдэг илт ажиглагдах болсон бидний бодлого амжилт олж буйн илрэл хэмээн сонгуулийн кампанийн үеэр цохон тэмдэглэж байсан билээ. Авлигын томоохон шуугианууд, эдийн засгийн уналтын үеэр сонгууль болж өнгөрлөө. 

No comments:

Post a Comment