Wednesday, June 15, 2016



Д.Трамп зэвсгийн худалдааг хязгаарлах талаар дуугарав

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп зарим иргэдийн зэвсэг худалдаж авах эрхийг хязгаарлах хэрэгтэй хэмээн ярьжээ. “Би Буу, зэвсгийн үндэсний холбооны төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Террорист ажиллагаа явуулах магадлалтай хүмүүсийн жагсаалтад бичигддэг, сэжигтэй, цагдаагийн хараа хяналтад байдаг хүмүүст буу зэвсэг худалдахыг бүрэн хориглох хэрэгтэй гэдэг дээр санал нийллээ” хэмээн Твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Дональд Трамп өмнө нь АНУ-д зэвсгийн худалдаанд ямар нэг хориг тавихыг эсэргүүцэж байсан юм. “Зэвсэг худалдаж авах, зэвсэг эзэмших нь АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь шинэчлэлээр олгогдсон эрх. Энэ бол ямар ч америк иргэний үндсэн, буцаан авч болшгүй эрх” хэмээн ярьж байсан билээ. Орландо хотын ижил хүйстний клубт афган гаралтай америк иргэн Омар Матин 50 хүнийг аймшигтай хядсаны дараа Трампын байр суурь өөрчлөгдсөн бололтой. Матин нь ХМТ-ны хараа хяналтад байсан аюултай этгээд байсан юм.

Орландогийн алуурчны талаар шинэ мэдээлэл гарсаар байна. 29 настай Омар Матин “Исламын улс” бүлэг болон түүний лидер Абу Бакр Аль-Багдадид үнэнчээ илэрхийлэн тангараглаж “Жинхэнэ лал шашинтан хэзээ ч өрнөдийн бохир замаар явахгүй” хэмээн баталж байсан нь түүний Facebook хуудаснаас ил болсныг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Рон Жонсон ярьжээ. Омар Матин нийтийн цахим сүлжээнд таван хуудас ажиллуулж “Та нар нисэх онгоцноос бөмбөгдөж гэмгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг алж байна. Та нарт “Исламын улс”-ын өс хонзонг амсуулах болно. Америк, Орос “Исламын улс”-ыг бөмбөгдөхөө зогсоо” хэмээн бичиж байжээ. Тэрээр интернэтээс “Исламын улс” бүлгийн толгойлогчийн хэлсэн үг, Сан-Бернардиногийн алуурчдын талаар хайлт хийж байсан нь ил болоод байна. Матин Pulse шөнийн клубээс 16 удаа утсаар ярьсан ба холбогдож ярьсан хүмүүсийг нь ХМТ шалгаж байгаа аж. 

No comments:

Post a Comment