Sunday, June 19, 2016




Израиль Баруун эрэгт 18 сая долларын санхүүжилт олгоно

Израилийн Засгийн газар Иордан голын баруун эргийн еврейн тосгон, сууринд зориулж 18 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор болжээ. Тель-Авивын эрх баригчид, еврей иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэмэгдүүлэхэд энэ хөрөнгө мөнгийг зарцуулна хэмээн мэдэгдлээ. Олон улсын эрх зүйн үүднээс, Палестины эзлэгдсэн газар нутаг дээрх еврейн тосгон, сууринг хууль бус гэж үздэг ч Изралиь улс үүнийг эсэргүүцэж “Бид ийм эрхтэй” гэдэг аж. Израиль, Палестины засаг захиргааны хооронд энхийн гэрээ байгуулахад Баруун эрэг дахь хүн ам зүйн асуудал саад болсоор ирсэн юм. АНУ, Европын холбоо Израильд хандаж эзлэгдсэн газар нутаг дээр еврейн тосгон суурин барих, өргөжүүлэхээ зогсоохыг шаардсаар байна.  

5640 кв км газар, 220 кв км ус, мөн Зүүн Иерусалимыг багтаадаг Баруун эрэг нь Палестины газар нутгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг билээ. Баруун эрэг нь баруун, хойд болон өмнөд тал руугаа Иордан-Израилийн 1949 оны гал зогсоох гэрээгээр тогтоогдсон хил хязгаарыг Израильтай хуваан эзэмшдэг. Мөн зүүн талаараа Иордан голоор Иордантай хиллэдэг. Мөн Баруун эрэг нь Мөхсөн тэнгисийн баруун эргийн ихэнх хэсгийг эзэмшилдээ багтаадаг аж. 2015 оны долдугаар сарын байдлаар, Баруун эрэгт хоёр сая 785 мянган палестин, 371 мянган еврей үндэстэн оршин сууж байна. Үүнээс гадна, Зүүн Иерусалимд 212 мянган еврей амьдарч байгаа аж. Баруун эрэг дахь еврей суурин, тэр тусмаа Зүүн Иерусалим дахь еврей нийгэмлэгийг дэлхийн улс орнууд хууль бус хэмээн үздэг ч Израиль үүнийг эсэргүүцсээр байдаг. Израиль улс 1967 онд Баруун эргийг эзэлснээс хойш тэнд еврей хүмүүсийг суурьшуулж, еврей тосгон, суурин барьж, өргөжүүлсээр байгаа юм. Израилиуд эзэлсэн газар нутаг дээрээ өөрсдийн хот, тосгодыг байгуулахыг олон улсын эрх зүйн гэрээ, Ослогийн гэрээгээр хориглодог ч Тель-Авив үүнийг үл ойшоодог юм. Үүнээс болж палестинууд Израилийн эсрэг босч, эцэст нь зөвхөн Израиль улсыг эсэргүүцэж, устгах зорилго тавьсан “Хамас” бүлэг үүсч байсан билээ. Палестин иргэдийн уур хилэн, өс хорсол нэмэгдэхийн хэрээр Интифад буюу Израилийн эсрэг өргөн хүрээтэй бослого, партизаны дайн хэд хэдэн удаа дэгдэж байв. Израилийн эрх баригчид хариуд нь Палестины газар нутгийг бүсэлж, агаараас бөмбөгдөж олон хүний аминд хүрч байсан билээ.

No comments:

Post a Comment