ХМТ “Орландогийн алуурчин”-ы утасны яриаг ил болгов
Зургадугаар сарын 12-нд Орландо хотын ижил хүйстний
шөнийн клубт олон хүнийг буудаж алсан Омар Матины утасны яриаг Холбооны мөрдөх
товчоо ил болголоо. Тэрээр эхлээд аврах албаны 911 дугаар руу залгаж гэмт хэрэг
үйлдсэнээ дуулгажээ. Матин Pulse клубт аллага үйлдчихээд
хагас цагийн дараа 911-ийн оператортой холбогдож “Аллахын алдар бадартугай.
Агуу Аллахтай хамт мөргөснөөр энх тайван ирэх болно” гэсэн байна. Цааш нь “Би
Орландод олон хүнийг буудаж алснаа танд мэдээлж байна” гэжээ. Холбооны мөрдөх
товчооны шалгалтаар, Омар Матин хотын цагдаагийн газрын терроризмын эсрэг
төвтэй гурван удаа холбогдсон нь тогтоогджээ. Эдгээр ярианыхаа нэгэнд тэрээр,
клубын гадаа машинд дэлбэрэх бодис тавьсан байгаа, одоо дэлбэлнэ хэмээн
сүрдүүлжээ. Мөн “Надад Францад ашигласантай адил тэсрэх бодистой хантааз байгаа”
хэмээн хэлсэн ч энэ нь хожим батлагдаагүй юм. Дараа нь хийсэн шалгалтаар ямар ч
тэсэрч, дэлбэрэх бодис илрээгүй ч Омар Матин ийнхүү худлаа сүрдүүлж цаг хожиж
байжээ.
Алуурчны утасны яриатай холбогдуулж Холбооны мөрдөх
товчооноос хийсэн хэвлэлийн бага хурал дээр, АНУ-ын эрх баригчид Матиныг
гадаадын ямар нэг террорист байгууллагатай холбоотой гэж үзэхгүй байгааг
онцолсон байна. Матин аймшигт аллага үйлдэхээсээ өмнө ОХУ, АНУ-ыг “Исламын улс”
бүлгийг бөмбөгдөхөө зогсоо хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн аж. Зургадугаар
сарын 12-нд афган гаралтай Америкийн иргэн Омар Матин Орландо хотын Pulse клубт олон сумаар цэнэглэсэн буутай нэвтэрч ороод гал нээсэн юм. Тэрээр мөн
дээд зэргийн сум үл нэвтрэх хантаазтай ирэх гэж байсан ч орон нутгийн дэлгүүрт
байхгүй байсан нь хожим тогтоогдсон. Матин клубт нэвтэрч ороод тэнд байсан
хүмүүсийг барьцаанд аваад буудаж эхэлжээ. Цагдаа нар удалгүй байшинг бүсэлсэн ч
гурван цагийн дараа л дайралтаа эхлүүлсэн юм. Клуб дотор тэсрэх бөмбөг байгаа
гэсэн мэдээлэл авсан тул тийшээ илрүүлэгч робот оруулах гэж ихээхэн цаг алджээ.
Ийнхүү Матиныг тэсрэх бөмбөгөө дэлбэлнэ хэмээн сүрдүүлсний дараа л цагдаа нар
дайрч орсон юм. Цагдаа, тусгайгийн ажилтнууд эхлээд клубын барилгын ханыг тусгай
машинаар эвдэх гэж оролдоод бүтэлгүйтсэн байна. Дараа нь клубт нэвтрэн орж Омар
Матиныг буудаж устгасан ч тэрээр аль хэдийнэ 49 хүнийг алж, 53 хүнийг
шархдуулаад амжсан байсан билээ. Энэ нь есдүгээр сарын 11-ны халдлагаас хойш
АНУ-ын газар нутаг дээр гарсан хамгийн аймшигтай аллага, гэмт хэрэг болжээ.
No comments:
Post a Comment