Saturday, June 11, 2016



Жагсагчид Герман дахь АНУ-ын цэргийн баазыг бүсэлжээ

Германы баруун урд хэсгийн Рамштайн дахь АНУ-ын цэргийн баазыг хэдэн мянган жагсагчид амьд гинж үүсгэн бүсэлжээ. Тэд америкуудын агаарын хүчний ажиллагааг эсэргүүцэж байгаа аж. Жагсагчид “Рамштайныг хаа. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг дайнд ажиглахаа зогсоо” хэмээн эсэргүүцэж байна. Тус агаарын бааз АНУ-ын дамжлага бааз болж, нисгэгчгүй нисэх онгоцууд нь Ирак, Афганистан, Пакистан, Йемен, Сирид үүрэг гүйцэтгэж байгаа хэмээн үзэж байна. Мөн тэнд АНУ-ын агаарын хүчний Европ дахт төв штаб байрладаг аж. Баазыг бүслэх эсэргүүцлийн ажиллагаанд дөрвөн мянга орчим хүн оролцжээ.
Нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг хэрэглэх нь Германд ихээхэн маргаантай асуудлын нэг болоод байна. Ирак, Афганистан, Сири дахь дайн, мөргөлдөөнд ашиглаж буй нисгэгчгүй нисэх онгоцууд нь Германы баазаар дамжиж байгаа нь Германы Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн жагсаалыг зохион байгуулагчид үзжээ.

Берлускони зүрхний хагалгаанд орно

Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлускони энэ долоо хоногт зүрхний хурц дутагдлын улмаас хагалгаанд орохоор болсныг түүний хувийн эмч Алберто Зангрилло мэдэгдлээ. Есөн сард 80 хүрэх Берлускони өнгөрсөн мягмар гаригт зүрхний дутагдалд орж Миланы Сан Рафаэль эмнэлэгт хүргэгджээ. Эхлээд эмч нар түүнийг ердийн үзлэг шинжилгээ хийлгэхээр хэвтлээ гэж байсан ч дараа нь байдал ноцтой болсныг хүлээн зөвшөөрсөн юм. “Түүний амь нас аюултай байна” хэмээн эмч нь хэлжээ. Зүрхний титэм судасны дутагдал нь тун хүнд шатандаа ороод байгаа аж. Forza Italia намын лидер титэм судасны хавхлаг солиулах хагалгаанд орно. Мэс заслын дараа экс Ерөнхий сайд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснээр биеийн байдал нь хэвийн болно хэмээн хэллээ. Харин хагалгааны дараа Берлускони улс төрийг бүрмөсөн орхих бололтой. Тэрээр 2006 онд зүрхний хэм алдагдаж ухаан алдсаны дараа АНУ-д зүрхний хагалгаанд орж байсан билээ.

Камбожийн ширэнгээс том хотын үлдэгдэл олджээ

Археологчид Камбожийн ширэнгэ ой дахь Анкор-Ват сүмийн цогцолборын орчмоос урьд өмнө танигдаагүй эртний хотын туурь, үлдэгдлийг олжээ. Ширэнгэ ойд агаараас лазерийн скан хийх аргаар алдагдсан хотыг илрүүлсэн байна. Тус хот 900-1400 жилийн өмнө баригдсан хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж. Камбожийн нийслэл Пномпень хоттой хэмжээгээрээ адил хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. XII зууны эхний хагаст байгуулагдсан Анкор-Ват сүм цогцолбор нь дэлхийн шашин мөргөлийн хамгийн том байгууламжийн нэгд тооцогддог. Шинээр илэрсэн хот нь тэр үеийн хамгийн том хаант улсын үед оршиж байсан хэмээн үзэж байна. 

No comments:

Post a Comment