Wednesday, June 8, 2016



Хоол хүнсийг олон нийтийн зөвлөлөөр дамжуулан тараана

Венесуэль улс гадаадаас худалдаж авсан хэдэн мянган тн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй хүмүүс нь олон нийтийн зөвлөлөөр дамжуулан түгээхээр болжээ. Худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний 70 хувийг ийм замаар хуваарилна хэмээн Хүнсний хамгамжийн сайд Родольфо Марко мэдэгдлээ.
Эрх баригчдын талд үйлчилдэг гэх муу нэртэй зөвлөлүүд сөрөг хүчний хүмүүсийг ялгаварлан гадуурхаж магадгүй хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна. Венесуэльд эдийн засгийн хямрал гүнзгийрч, тухайлбал жорлонгийн цаасанд асар урт дараалал үүсч, дээрэм тонуул гарах болсон юм. Сөрөг хүчин Ерөнхийлөгч Мадуро болон түүний өмнөх удирдагч Уго Чавес нарыг хямралын гол буруутан хэмээн үздэг. Харин Мадуро, бизнес, элит ангийнхны бойкотын улмаас эдийн засаг хямарч байна хэмээн мэдэгджээ.

Тель-Авив дахь буудалцаан

Израилийн нийслэл Тель-Авив хотын төвд буудалцаан болж гурван хүн амиа алдлаа. Дахиад найман хүн шархадсаны тавынх нь биеийн байдал хүнд байна хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. Гал нээсэн хоёр хүнийг баривчилсан ба гурав дахь этгээдийг хайж байна. Энэ хэрэг явдал Израилийн Батлан хамгаалах яамны байр, цэргийн төв штабаас холгүй болжээ. Энэ хавиар маш олон кафе, зоогийн газар байдаг аж. Энэ халдлага израиль иргэдийн эсрэг чиглэсэн байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв. Сүүлийн үед палестинууд хутга барин израилт иргэд рүү халдах нь ихэссэн билээ. Дээрх халдлагыг Хеврон тосгоны ах, дүү палестинууд зохион байгуулсан хэмээн мэдээллээ.

Мария Шарапова хоёр жилээр эрхээ хасуулав


Мельдони хэмээх хориотой эм бэлдмэл хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн Оросын теннисч Мария Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасчээ. Олон улсын теннисийн холбооны хараат бус шүүх талуудын тайлбар, дүгнэлт, нотолгоог сонссоны эцэст Шараповаг сэргээш хэрэглэхтэй холбоотой дүрэм журмыг зөрчсөн гэж үзжээ. Орос теннисчийг 2016 оны нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд оролцсоны дараа сэргээшийн шинжилгээ авахад хориотой мельдони хэрэглэсэн нь нотлогджээ. Шүүхээс Мария Шараповаг хоёр жилийн хугацаанд уралдаан, тэмцээнд оролцож болохгүй, мөн Риогийн олимпод оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэрээр энэ шийдвэрийг шударга бус хэмээн үзэж давж заалдахаар болсон байна. Мөн Шарапова Австралийн нээлттэй тэмцээнээс олсон шагнал, орлогоо буцааж өгөх ёстой болжээ.

No comments:

Post a Comment