Sunday, June 19, 2016




Хүүхдүүд завиар аялж яваад энджээ

ОХУ-ын Карели мужид нууранд завиар аялж явсан хүүхдүүдийн завь хөмөрч 14 хүүхэд амь насаа алджээ. Үүнтэй холбогдуулж Москвад гашуудлын өдөр зарлаж байгааг хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр, зусланд амарч байсан 50 орчим хүүхэд гурван завинд хуваагдан сууж нуураар аялж байхад гэнэт шуурга дэгдэж хоёр завь нь хөмөрчээ. Гурван завинд 47 хүүхэд, дөрвөн зааварлагч явж байсан аж. Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэнээр, одоогоор 14 хүүхдийн цогцсыг нуураас олж гаргаад байна. Тэд бүгд зусланд амарч байсан 12-14 насны хүүхдүүд аж.

Энэтхэгт согтууруулах ундааг хориглов

Энэтхэгийн зүүн өмнөд Тамилнад мужийн захиргаа нийгэм дахь хүчирхийллийг багасгах зорилгоор архи, согтууруулах ундаа худалддаг улсын 500 орчим дэлгүүр, цэгийг хаах шийдвэр гаргалаа. Архи зардаг бусад дэлгүүрийн ажиллах цагийг хязгаарлаж байгаа аж. Мужийн захирагч Жаялалита Жаярам тавдугаар сарын сонгуулийн кампанийнхаа үеэр ийм амлалт өгч байсан юм.
Энэ арга хэмжээ нь сексийн хүчирхийлэлд ихээхэн өртөх болсон мужийн охид, эмэгтэйчүүдийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байгаа ажээ. Учир нь эмэгтэй хүнийг зодох, хүчирхийлэх гэмт хэрэгт архи, согтууруулах ундаа ихээхэн нөлөөлж байгааг тогтоосон юм. Энэтхэгийн хэд хэдэн муж архины худалдааг хориглоод байна. Хөрш Керала мужид 2014 оноос хойш ихэнх зочид буудалд архи худалдаалахыг хориглосон юм. Гэвч ийм арга хэмжээний эцэст гэрийн аргаар үйлдвэрлэсэн архи, контрбандын архины худалдаа цэцэглэн хөгждөг нь жам билээ.

Шведийн хаан, хатан хоёр 40 жилийн ойгоо тэмдэглэв

Шведийн хаан XVI Карл Густаф, хатан хаан Сильвиа Зоммерлат нар гэрлэлтийн 40 жилийн ойгоо төрөл төрөгсөд, найз нөхдийн хүрээнд тэмлэглэжээ. Ойн баярын арга хэмжээ Эланд арал дээрх Соллиден шилтгээнд болсон байна. Хаан Карл Густав ордонд хувийн “Феррари”-гаа хөлөглөн ирсэн аж.
XVI Карл Густаф Сильвиа Зоммерлаттай 1972 оны Мюнхений зуны олимп дээр танилцжээ. Герман бүсгүй Сильвиа олимпт орчуулаг-хөтөчөөр ажиллаж байсан юм. Карл Густав энэ харилцаагаа нэлээд хэдэн жилийн турш нууцалж байжээ. 1973 онд хаан ширээнд суусныхаа дараа ч Сильвиатай хэдэн жилийн турш нууц харилцаатай байсан аж. Тэд 1976 онд гэрлэжээ.

Ж.Ассанж, Лондон дахь Экваодорын ЭСЯ-нд дөрвөн жил

АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээллийг ил болгосон WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд хоргодоод дөрвөн жилийг өнгөрүүлээд байна. Эдүгээ 44 настай Ассанж Шведийн талаас гаргасан хүсэлтээр Европолоос гаргасан тушаалын дагуу 2010 онд Лондонд баривчлагдсан юм. Түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж байгаа аж. Гэвч тэрээр шүүх хурал болтол гэрийн хорионд байсан билээ. Хоёр жилийн дараа Английн дээд шүүх түүний хүсэлтийг няцааж Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гарсны дараа Ассанж гэрийн хорионоос зугтаж Лондон дахь Эквадорын дилломат төлөөлөгчийн газар руу орж хоргодсон юм. Швед улсын шүүх түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан хэвээрээ, шилжүүлж авах хүсэлт нь ч хэвээр байгаа аж. Харин Ассанж Швед улсыг АНУ-ын заавраар ажиллаж байна, Швед улс шилжүүлж авчихаад дараа нь АНУ-д шилжүүлж өгөх гэж байна, энэ бол төрийн нууц мэдээлэл, хууль бус, дэлхийн нийтийг доромжилсон үйлдэл, хуйвалдааныг нь ил болгосны төлөө хорссон Вашингтоны үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэн юм.
Европын олон хотод Эквадорын ЭСЯ-нд “хоригдсоор” байгаа Ассанжийг дэмжих үйл ажиллагаа болж, Патти Смит, Брайан Ино, Ноам Чомски, Янис Варуфакис, Ай Вейвей, Вивьен Вествуд зэрэг алдартнууд Ассанжид эрх чөлөө олгохыг шаардаж байна. 

No comments:

Post a Comment