Sunday, June 12, 2016



Орост архины үнэ нэмэгдэв

Өчигдрөөс эхлэн ОХУ-д 0.5 литр архины жижиглэн худалдааны үнэ 186-аас 190 рубль болж нэмэгдлээ. Сангийн сайдын зарлигаар, үйлдвэрээс гарах доод үнийг 162-аас 165, бөөний үнийг 170-аас 174 болгон нэмсэн байна. Харин коньяк (0.5 литр нь 322 рубль), брендийн (293 рубль) жижиглэнгийн доод үнийг хэвээр үлдээжээ. Хатуу ундааны доод үнийг ОХУ-д 2009 оноос хойш тогтоох болсон юм. Сүүдрийн, нууц архины үйлдвэрлэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь энэ болж байна. Гэхдээ зөвхөн 2015 онд л архины доод үнийг буулгаж 185 рубль болгож байжээ.

Саудын Араб хамгийн их зэвсэг худалдаж авчээ

Дэлхийн зэвсгийн зах зээл 2015 онд сүүлийн арван жилийн хамгийн дээд үзүүлэлтдээ хүрлээ хэмээн IHS Global Defence Trade-ийн илтгэлд онцолжээ. Энэ өсөлт хамгийн их зэвсэг худалдаж авсан Саудын Арабтай шууд холбоотой байна. Мөн Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн орнуудын зэвсэг худалдан авалт өсчээ. IHS-ийн судалгаагаар, 2015 онд дэлхийн зэвсгийн зах зээлийн хэмжээ 2014 оныхоос 14 хувиар нэмэгдэж 65 тэрбум долларт хүрчээ. Саудын Араб өнгөрсөн онд F-15 бөмбөгдөгч онгоц, Apache нисдэг тэрэг худалдаж авсан юм. Үүний зэрэгцээ тус хаант улсын арми нисгэгчгүй нисдэг төхөөрөмж, өндөр ончтой зэвсэглэл, ажиглалтын төхөөрөмжөөр хүчээ зузаатгажээ. Эр-Риядын зэвсгийн импорт 2014 оныхоос 50 хувиар өсч 9.3 тэрбум долларт хүрчээ. Хоёрдугаар байранд Энэтхэг, араас нь Австрали орж байна.

Хулгайч сармагчингууд селфи хийжээ

Калифорнийн Мануэль дархан цаазтай газарт сармагчингууд нэг хүний гэрэл зургийн аппаратыг хулгайлаад хэд хэдэн селфи хийсэн хэрэг гарчээ. 18 настай америк залуу Коул Вебер нууц камераар сармагчинтай хамт видео бичлэг хийхээр GoPro камераа модонд бэхлэж орхисон байв. Гэвч нэг сармагчин аппаратанд ойртож очоод бэхэлсэн газраас нь салгаад аваад явчихжээ. Веберийн хэлж буйгаар, сармагчингууд камерийг хэсэг үзэж сонирхож байгаад залхаад хаячихаад явсан байна. Дараа нь бас нэг сармагчин ирээд жаал сонирхож байгаад орхижээ. Вебер камераа олж аваад үзтэл сармагчингууд хэд хэдэн селфи зураг дараад амжсан байлаа. Зарим нь бүр мэддэг юм шиг л гайхалтай селфи дарсан байжээ.

Японы шалдан зоогийн газарт жин үзнэ

Лондон, Мельбурны араас Японы Токио хотод зөвхөн шалдан хүмүүст үйлчилдэг зоогийн газар нээгджээ. Японы Amrita ресторан хэтэрхий өндөр, том биетэй зочдынхоо өндөр, жинг үздэг нь Британи, Австралийнхаас ялгарч байгаа аж. Хэтэрхий бүдүүн хүнийг оруулахгүй. Долдугаар сарын 29-нд нээлтээ хийх тус зоогийн газарт зочдын дундаж биеийн жингээс 15 кг-аар хэтэрсэн хүнийг оруулахгүй хэмээн зарлажээ. Тийм хүмүүсийг ирэхгүй, түвэг учруулахгүй байхыг зөвлөж байна. Мөн насны хязгаар тавьж байгаа аж. 18-60 насны хүмүүст Amrita-д зоог барьж болно. Зочдод цаасан дотуур хувцас өгөх юм. Зөөгч, ажилтнууд нь шалдан биеэ хэсэгчилсэн халхалсан байдалтай байх ажээ. Тэр тусмаа зөөгч нар нь хамгийн гоё бие бялдартай эрчүүд байх болно хэмээн амлаж байна. Гар утсаа хураалгаж орно, орсон хойноо хэн нэгэн зочны биед хүрч болохгүй. Amrita-ийн 750 долларын хамгийн үнэтэй тасалбар зарагдаад дуусчээ. Бүжгийн хөтөлбөртэй үдшийн тасалбар 131 долларын үнэтэй байна.

No comments:

Post a Comment