Sunday, July 3, 2016



Хятадын өмнөд хэсэгт томоохон жагсаал болов

Хятадын өмнөд хэсгийн Лубу хотод хэдэн мянган хүн оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаал болжээ. Нутгийн иргэд ундны усны гол эх үүсвэр болсон Сицзян голын эрэг дээр баригдаж буй хог шатаах байгууламжийг эсэргүүцсэн юм. Зарим мэдээллээр, жагсаалд арван мянга орчим хүн оролцжож, гурван мянга орчим цагдаа эмх журмыг сахиулсан байна. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсч 50 орчим хүн орон нутгийн удирдлагын байранд нэвтрэх гэж оролджээ. Албаны мэдээлээр, 21 хүнийг эмх журам зөрчсөн, танхайрсан хэмээн баривчилжээ. Нэг цагдаа, хоёр иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Их Британид ашгийн татварыг бууруулна

Британийн Сангийн сайд Жорж Осборн пүүс, компанийн ашигт оноодог татварыг мэдэгдэхүйц бууруулна хэмээн амлав. Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах шийдвэр гаргасны дараа улс орны эдийн засагт хөрөнгө оруулалтыг татахад ийм алхам зайлшгүй шаардлагатай хэмээн тэрээр үзэж байгаа аж. Өнөөдөр компанийн ашгийн татвар 20 хувь байгаа бөгөөд үүнийг 15-аас доош хувь болгон бууруулах бололтой. Ингэснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна. 15-аас доош хувь руу буулгаж болохгүй хэмээн тэргүүлэх эдийн засагчид анхааруулж байгаа аж. Их Британийн эрх баригчид 2020 онд ашгийн татварыг 17 хувь болгон бууруулна хэмээн амлаж байсан ч бүх нийтийн санал асуулгын дараа дээрх арга хэмжээнд нэн даруй шилжих шаардлагатай болж иржээ.

Газын зурваст ачаа хүргэх Туркийн хөлөг онгоц Израильд ирлээ

Газын зурваст зориулсан хүмүүнлэгийн ачаатай Туркийн хөлөг онгоц Израилийн Ашдод боомтод иржээ. Хоёр улс зургаан жилийн турш тасарсан харилцаагаа сэргээх тохиролцоонд өнгөрсөн долоо хоногт хүрсний дараа Туркээс далайн замаар Израильд ирж байгаа анхны хүмүүнлэгийн тусламж нь энэ юм.
2010 онд Израилийн тусгай хүчнийхэн Газын зурвасын бүслэлтийн сэтэлж палестинуудад тусламж хүргэх гэж явсан Туркийн идэвхтнүүдийн флотилийн зургаан хөлөг онгоц руу довтолж саатуулсан билээ. Идэвхтнүүд израиль цэргүүдийн өмнөөс буудаж мөргөлдөөн үүссэний улмаас Туркийн арван идэвхтэн амиа алдсан юм. Израиль улс флотилтэй холбоотой хэрэг явдлын төлөө Туркийн талаас уучлал хүссэн ажээ.
Ашдодод ирсэн хөлөг онгоц хоол хүнс, хувцас, тоглоом тэргүүтэй мянган тн ачаатай ирсэн бөгөөд Израилийн газар нутгаар дамжуулж Газын зурваст хүргэх юм. Израиль улс палестин босогчдын гадаадаас зэр зэвсэг авах замыг хаахын тулд 2007 оноос хойш Газын зурвасыг бүслэн хааж байгаа билээ.

Багдадын халдлагад 130 хүн амиа алдлаа

Иракийн нийслэл Багдад хотын төвд автомашинд байрлуулсан бөмбөг дэлбэрч 130 хүний аминд хүрсэн аймшигтай халдлага болжээ. 150 орчим хүн шархдаж гэмтээд байна хэмээн ВВС мэдээлэв. “Исламын улс” бүлэг энэ дэлбэрэлтийг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Эхний хүчтэй дэлбэрэлт шөнө дундын үед хотын төвийн Каррада дүүрэгт болжээ. Зоогийн газрын гадаа тавьсан автомашин дэлбэрсэн аж. Хоёр дахь дэлбэрэлт хэдэн минутын дараа Багдадын хойд хэсэгт болсон байна. Төвийн хэсгийн Каррада дүүрэгт олон дэлгүүр, зоогийн газар байдаг бөгөөд Рамадан сар тэмдэглэж дуусаад нар жаргасны дараа үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж. Эрх баригчдын хэлж буйгаар, амиа алдсан, шархадсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Иракийн Засгийн газрын цэрэг лалын босогчдын хяналтад байсан улс орны хоёр дахь том хот Фаллужаг эргүүлэн авснаас долоо хоногийн дараа энэ дэлбэрэлт болжээ.

Номын санд амьдардаг муурыг үлдээхээр шийджээ

Техас мужийн Уайт-Сетлмент хотын номын санд зургаан жил амьдарсан Браузер хэмээх муурыг дэлхийн олон орны иргэдийн хүсэлтийн дагуу тэнд нь үлдээхээр боллоо хэмээн Independent сонин уламжлав. Мууранд харшилтай уншигчдын гомдлоор муурыг номын сангаас гаргаж өөр газар аваачих шийдвэр гараад байсан юм. Гэвч Браузерийг номын санд нь үлдээхийг хүссэн 1800 орчим цахим шуудан Герман, Франц, Малайз, Канадаас, Америкаас ирсний дараа хотын зөвлөл яаралтай хурал хийжээ. “Тэр бидэнтэй хамт зургаан жил амьдарсан. Олон номын санд байдаг хулганын асуудлыг шийдэхийн тулд тэр ирж байсан. Браузер энэ асуудлыг шийдсэн” хэмээн Уайт-Сетлмент хотын зөвлөлийн гишүүн ярилаа. Ийнхүү муурыг номын санд нь үлдээхээр болсон ажээ.


No comments:

Post a Comment