Monday, June 6, 2016




Хойд Солонгос плутонийн үйлдвэрлэлээ сэргээсэн бололтой

Хойд Солонгосын эрх баригчид боловсруулсан цөмийн түлшнээс плутони гаргаж авах үйлдвэрээ дахин ажиллуулж эхэлсэн байж магадгүй байна хэмээн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдэгдлээ. “Ионбен дахь уран баяжуулах үйлдвэрийн ажил сэргэсэн байж болох шинж тэмдэг ажиглагдлаа. Тэнд боловсруулсан цөмийн түлшийг дахин боловсруулж байж тун магадгүй байна” хэмээн ОУЦЭХА-ийн төлөөлөгч ярилаа. Тус агентлагийн мэргэжилтнүүд Хойд Солонгосын цөмийн байгууламжид нэвтрэх эрхгүй байгаа тул хиймэл дагуулын тусламжтайгаар ажиглалт хийж байгаа юм. Ионбений таван мегаваттын реактор нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай цацраг идэвх бодисын гол эх үүсвэр болж байгаа аж. Энэ реактор 2007 онд хаагдсан ч 2013 онд дахин сэргээжээ.
Цөмийн бөмбөг бүтээх үндсэн хоёр арга байдаг. Өндөр баяжилттай уран-235-ыг төвөөс зугтаах хүчийг ашиглан хатуу биетийг нь шингэнээс салган авч цөмийн бөмбөг үйлдвэрлэдэг. Нөгөө арга нь, плутонийг боловсруулан гаргаж цөмийн зэвсэг үйлдвэрлэх. ОУЦЭХА болон тагнуулын албадын үзэж буйгаар, хойдууд хоёр дахь аргыг хэрэглэж байгаа ажээ. АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Жеймс Клэппер 2016 оны хоёрдугаар сард Хойд Солонгос улс Ионбен дахь плутонийн реактороо ажиллуулж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм. Пхеньян плутони үйлдвэрлэж цөмийн хэд хэдэн зэвсэг бүтээх нөөцтэй болсон хэмээн үзэж байгаа ажээ.

Виктор Корчной өөд болжээ

Шатрын цуутай их мастер, улс төрийн цагаач Виктор Корчной Швейцарьт 85 насандаа өөд болов. Тэрээр дэлхийн хамгийн их шагнал, түрүүтэй шатарчдын нэг байсан юм. Корчной ЗХУ-ын аваргаар дөрвөн удаа, шатрын олимпиадад зургаан удаа түрүүлж, дэлхийн шигшээ багт багтаж байжээ. Нийтдээ 100 орчим тэмцээнд түрүүлж байжээ. Виктор Корчной 1976 онд Амстердамд тэмцээнд оролцсоны дараа ЗХУ-д буцаж очихоос татгалзаж, улмаар Швейцарьт суурьшсан юм. Эх оронд нь түүнийг “Урвагч” хэмээн нэрлэж, иргэншлийг нь хасч, спортын алдар, цолыг нь хураан авчээ. Корчнойг зөвлөлтийн хэвлэлүүд дурдахаа ч больж, орос шатарчид тэмцээн дээр түүнтэй тоглохоос татгалздаг байлаа.
Гэвч “Үл буцаж ирэгч” 1978, 1981 онд дэлхийн аваргын титмийн төлөөх тулаанд Анатолий Карповын эсрэг гарч ирж нэрээ дуурсгаж байсан билээ. Зөвлөлтийн хэвлэлүүд Карпов-Корчной тоглолтыг дайсагнагч хоёр системийн тулаан хэмээн нэрлэж, суртал ухуулгын кампанит ажил өрнүүлж байв. Энэхүү өршөөлгүй кампанит ажлын улмаас дэлхийн аваргын төлөөх тулаанд ялагдал хүлээсэн хэмээн Корчной мэдэгдэж байлаа. 1990 онд Виктор Корчнойн Оросын иргэншлийг сэргээжээ. Түүнийг Орост буцаж ирэхийг хүссэн ч тэрээр татгалзсан юм.

Украин ОХУ-аас хий худалдаж авахад бэлэн

Оросын байгалийн хийн үнэ Европынхоос хямд байвал Украин улс 2016 оны гуравдугаар улирлаас Оросын хийн импортыг сэргээхэд бэлэн хэмээн Украины “Нафтогаз” компанийн тэргүүн Андрей Коболев мэдэгдлээ. Импортыг сэргээхэд Оросын “Газпром” компани гэрээндээ өөрчлөлт оруулах ёстой аж. Энэ талаарх гэрээ, хэлэлцээ явагдаж байгааг Коболев хэллээ. Украин улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгосон хөрөнгөөр хий худалдан авахаар төлөвлөж байна. 2015 онд Украины Европоос авдаг хийн импорт хоёр дахин нэмэгдсэн бол, Оросоос авдаг хийн импорт хоёр дахин багасчээ. “Нафтогаз” компани арван нийлүүлэгчээс байгалийн хий худалдан авч байгаа аж.

Неймар, Амброзио нар хамтдаа зоог барьжээ

“Барселона” клубын бразил тоглогч Неймар амарсан шиг амарч байна. Тэрээр АНУ-д очиж найз Биберийнд зочилж, НБА-гийн “Голден стейт уорриорз” багийнханд өмсгөлөө бэлэглэн зураг даруулж, Холливудад “Triple X” киноны зураг авалтад оролцож амжсан бол өчигдөр Бразилийн цуутай топ-модель Алессандра Амброзиотой үдийн зоог барьжээ. Тэрээр Малибу дахь нэгэн тансаг зоогийн газрыг сонгож үзэсгэлэнтэй нутаг нэгт бүсгүйг урьсан байна. Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Амброзио, хөлбөмбөгч Неймар нарын найзууд хоорондоо ихэд зузаан байдаг аж. Неймар Рио-де-Жанейрогийн олимпийн Бразилийн шигшээд багтсан тул эдүгээ АНУ-д болж буй Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн юм.


No comments:

Post a Comment