Sunday, November 1, 2015





Бухтай тулалдагч Хулиан Лопес: Бухын тулааныг үгүйсгэх нь өв соёлоо үгүйсгэж байгаатай адил

Хулиан Лопес 14 насандаа л догшин бухнуудын эрлэг болж, матадоруудын ертөнцөд нэрээ цууриатуулсан юм. Бух наадуулах нь Испанийн, кастиль үндэстний салшгүй өв соёл билээ. Бухыг хэрхэн уран гоё хуурч эргэлдүүлж, picador буюу морьтой хатгагчид морины уран гоё явдал дунд сэрвээнд нь зоож, torero буюу бухтай тулалдагч яруу тансаг байрлал, хөдөлгөөн авч бухыг өдөн дуудаж байгаад урт мэсээ сэрвээнээс нь зүрхэнд тултал зоох зэрэг нь аймшигтай мэт боловч кастиль хүмүүсийн хайрлан дурладаг урлаг, соёл юм. Сайн бухтай тулалдагчийг хүсдэггүй бүсгүй, тойрдоггүй мөнгө гэж байдаггүй гэдэг. Хулиан Лопес 14 насандаа л тодорч бухын тулааны урлагт хувьсгал хийсэн юм. Сүүлийн үед Испанид бух, хүн хоёрын тулааныг буруутган, хаах, хориглох ёстой гэсэн дуу хоолой нэлээдгүй гарч байна. Энэ болон бусад сэдвээр бухтай тулалдагч Хулиан Лопес (33 настай) ярьж байна.

-Бухтай тулалдах урлагийн манлайлагч байх хэцүү юу?

-Шаардлага мэдээж өндөр. Байнгын хөдөлмөр, бие бялдрын бэлтгэл хэрэгтэй. Эс бөгөөд бид хэдхэн хоромд амь насаа алдах эрсдэлтэй хүмүүс. Гэвч энэ гайхамшигтай урлаг руу дайрах, довтлох явдал их гарч байна.

-Хүчирхэг, улангассан бухыг буулгаж авахдаа зовж, шаналдаг уу?

-Буулгаж авах хүртлээ уурлаж, шатах тохиолдол их гардаг. Хэтэрхий удаан тулалдаж, төвлөрч чадахаа боливол уурлаж бухимдах тохиолдол бий. Дотоод сэтгэл, дотоод хүчээрээ тулалдах нь энэ урлагийн нэг чухал хэсэг л дээ.

-Урт мэсээ дүрж бухыг үхэтхийн унагахдаа юу боддог вэ?

-Тэр бухын амины төлөө харамсдаг уу гэж байгаа бол бухтай тулалдагч хүнээс ингэж асуугаад хэрэггүй. Мэдээж эцсийн дүрэлтээ хийгээд бухыг унагахдаа тореро хүний ялалт, таашаалыг л мэдэрдэг.

-Зарим тулалдагч тулааны талбар дээрээ нулимс унагаж байгаа нь харагддаг. Та тулааны талбар дээр нулимс унагаж байсан уу?

-Билбаод очихоор сэтгэл их хөдөлдөг. Испанийн хамгийн алдартай бухын тулааны талбартаа биш, үзэгчид, баск бухын орж ирэлт, дүр төрх нь миний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Бухын чих огтлох нь намайг өдөөж, сэтгэл хөдөлгөдөггүй. (Ялсан бухтай тулалдагч үзэгч, шүүгчдийн таашаалд нийцвэл чихийг нь огтолж өгч шагнадаг)

-Мөнгө аль хэр чухал вэ?

-Мөнгөний төлөө тулааны талбарт гардаг тулалдагч байхгүй дээ. Мөнгөний төлөө бухтай тулалддаг бол урьсан залсан газар бүр очиж тулалдахсан. Би зөвхөн бухын тулааныг биширч, сайн тулалдагч болох мөрөөдлөөр л жигүүрлэж энд хүрсэн. Мэдээж мөнгө, нэр алдар дагаж ирсэн. Угаасаа Испанийн бухтай тулалдах урлаг нь эр зориг, авхаалж, хүч чадлын тулаан. Одоо ч энэ чанараа алдаагүй шүү.

-Зарим тулалдагч буханд мөргүүлж хүнд бэртэж, бүр амь насаа алдах нь ч байдаг. Энэ онд олон ч тулалдагч мөргүүлж гэмтлээ... ?

-Тийм ээ, санаа зовоохоор олон тохиолдол гарлаа. Миний сайн найз Анхель Перера, бас өөр хэд хэдэн тулалдагч хүнд гэмтэж, айдас төрүүлсэн шүү. Хэдхэн секундын дотор бүхнээ алдах аюултай байдаг. Энэ мэргэжлийнхээ төлөө хамаг бүхнээ алдаж болох ч осол, гэмтэл бүр бухын тулааныг улам агуу болгож байдаг юм.

-Та Испанийн улстөрчдөөс юу хүсмээр байна?

-Бухын тулааныг ялгаварлаж, өөрсдийн зорилгодоо ашиглахаа боль. Бухын тулаан бол барууных ч, зүүнийх ч биш, ард түмнийх. Хүссэн хүн нь ирээд үзэж болох хууль ёсны урлаг. Хүндэлж, хайрлаж, хамгаалж байх өв соёл юм. Бухын тулааныг үгүйсгэх нь өөрсдийн өв соёлоо, өөрсдийгээ үгүйсгэж байгаатай ялгаагүй.

-Таныг алуулчин гэж нэрлэхэд ямар санагддаг вэ?


-Үнэнд нийцэхгүй доромжлол. Бухын тулааныг эсэргүүцдэг хүмүүстэй уулзаад тайлбарлаад ярихаар тэдний санаа бодол өөрчлөгддөг. Бухын тулааныг аллага гэж үздэг, олон нийтийг татах гэж ашигладаг хүмүүс нь их дуугарч, энэ урлагийг тайлбарлаж таниулах ажил нь жаахан хоцроод байна уу гэж бодох юм. Биднийг муулахдаа бодит байдлаас дэндүү хазайгаад явчихдаг. 

No comments:

Post a Comment