“Исламын улс”-ын эсрэг бүх арга хэрэгслээр тэмцэхийг
уриалав
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Исламын улс” террорист бүлгийн эсрэг
тэмцэлд бүх арга хэрэгслийг ашиглахыг уриалсан тогтоолыг санал нэгтэй баталлаа.
Францын талаас өргөн барьсан тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн
орон дэмжсэн юм. Энэ нь Сири, Ирак дахь лалын босогчдын зүгээс ирэх аюул
заналхийллийн эсрэг тэмцэлд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн анхны
нэгдсэн баримт бичиг байлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр санал
нэгтэй баталсан тогтоолоор террорист аюул заналхийллийн эсрэг тэмцэлд
шаардлагатай бүх арга хэмжээг авахыг улс орнуудад уриалж байгаа аж.
“Исламын улс” бүлгээс зохион байгуулсан хэмээн үзэж буй
халдлагад өртөж, 130
иргэнээ алдсан Франц улс тогтоолын төслийг санаачилжээ.
Лалын босогчдын бүлэг нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд урьд өмнө
байгаагүй, асар их аюул заналыг учруулж байна, дэлхийн улс орнууд энэ аюулын
эсрэг бүр аргаар тэмцэх ёстой хэмээн тогтоолд онцолсон байлаа. Францад болсон
халдлагын дараа Орос болон Америк тэргүүтэй олон улсын эвслийн хооронд
ойлголцолд хүрэх хүчин чармайлт идэвхжсэн юм. Дээр нь Египетэд унаж сүйрсэн Оросын
иргэний тээврийн нисэх онгоц лалын босогчдын халдлагын бай болсон нь тогтоогдож
“Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд дахин ташуур өгсөн юм. Нисэх онгоцонд бөмбөг
дэлбэрч сүйрсэн болох нь шалгалт, шинжилгээгээр хөдөлбөргүй тогтоогдсон билээ. Францын
Ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэгтэй тэмцэх олон улсын томоохон
эвслийг байгуулах шаардлагатайг цохон тэмдэглэж, энэ долоо хоногт энэ асуудлаар
Кремлийн тэргүүн Владимир Путин, Цагаан ордны эзэн Барак Обама нартай ярилцаж,
хэлэлцэхээр зэхэж байна. Баталсан тогтоолын үндэс суурь нь хүч хэрэглэх эрхийг
олгодог НҮБ-ын дүрмийн долдугаар бүлэг биш тул цэргийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй
байгаа. Долдугаар бүлэгт олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд
цэрэг, зэвсгийн ямар хүч, арга хэрэгслийг ашиглахыг зааж өгдөг билээ. Гэвч
дээрх тогтоол нь Аюулгүйн зөвлөлийн бүх байнгын гишүүдийн санаа, зоригийг
нэгтгэж чадсанаараа онцлог болж байна.
Францын санаачилсан тогтоолыг ОХУ дэмжсэн нь Сирийн
Ерөнхийлөгч Башар Асадыг тодорхой хугацаагаар эрх мэдэлд үлдээхэд түлхэц өгч
буй бололтой. Францын өргөн барьсан тогтоол Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн
дэмжлэгийг хүлээсэн ч Москва терроризмтай тэмцэх талаарх өөрийн тогтоолын
хувилбарыг дэмжүүлэхийн төлөө ажиллана хэмээн НҮБ дахь Оросын бүрэн эрхт
төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Оросын тогтоолыг саатуулах оролдого нь улс
төрийн харалган, алсын хараагүй байдлын илрэл хэмээн Оросын дипломатч үзэж байна.
“Террористуудтай нэг гараар тэмцэж болохгүй. Нөгөө гарыг нь улс төрийн
шалтгаанаар барьж, хориод байна. Бид тогтоолоо батлуулахын тулд шаргуу ажиллах
болно” хэмээн тэрээр хэлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах, гадаад бодлогын зөвлөлийн
хуралдааны тэргүүн Федор Лукьяновын үзэж буйгаар, дээр баталсан тогтоол нь
дэлхийн улс орнууд терроризмтэй хамтран тэмцэх нэгдмэл санаа бодлоо илэрхийлсэн
явдал ажээ. Ийнхүү терроризмын эсрэг тэмцдэг тэргүүлэх орнууд “Исламын улс”-ын
эсрэг үйл ажиллагаагаа “хууль ёсны” болгох боломжтой боллоо хэмээн тоймч,
ажиглагчид үзэж байна.
No comments:
Post a Comment