Monday, November 16, 2015



Нью-Йорк 20 халдлагаас сэргийлж чаджээ

Сүүлийн үед АНУ-ын Нью-Йорк хотод үйлдэх гэж байсан 20 гаруй халдлагыг таслан зогсоож чадсан хэмээн цагдаагийн комиссар Уильям Брэттон мэдэгдлээ. “Бид сайн ажиллаж байна. Хотод үйлдэх гэж байсан 20 гаруй террорист халдлагыг таслан зогсоолоо. Парисын эмгэнэлт явдлаас бид сургамж авах ёстой. Нью-Йоркт ийм аллага болохыг үгүйсгэхгүй” хэмээн тэрээр NBC телевизээр ярьсан байна.
Уильям Брэттон нь АНУ-д “Супер цагдаа” хэмээн алдаршсан юм. Бостон, Нью-Йорк, Лос-Анжелес хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байв. 2009 онд чөлөөнд гарсан ч 2014 оны нэгдүгээр сараас хойш Нью-Йоркийн шинэ тэргүүний хүсэлтээр дахин хотын цагдаагийн газрыг удирдах болсон юм.

“Реал” Роналдог зарахад бэлэн

Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб гол тоглогч Криштиано Роналдог худалдаж авах ашигтай санал байвал сонсоё гэж байна. Эзэн хааны клуб португал хөлбөмбөгчийг 110 сая еврогоор зарах хүсэлтэй байгаа аж. Испанийн клуб 2009 онд “Манчестер Юнайтед”-аас Роналдог ийм үнээр авч байсан билээ.
Роналдо багийн ерөнхий дасгалжуулагч Рафаэль Бенитесийн арга барилыг таалахгүй байгаа аж. “Бенитес манай багт тохирох мэргэжилтэн биш. Бид түүнтэй ямар ч цом авч чадахгүй” хэмээн тэрээр багийн эзэн Флорентино Перест хэлсэн бололтой. “Реал”-ын бас нэг од Хамес Родригес дасгалжуулагчдаа дургүйцлээ илэрхийлж “Явна” хэмээн тунирхжээ. Роналдогийн төлөө Францын “Пари Сен-Жермен” болон хуучин клуб нь өрсөлдөж магадгүй байна. Р.Бенитес энэ улирлаас эхлэн “Реал”-ыг удирдаж байгаа. Испанийн аварга шалгарууулах тэмцээнд 11 тойргийн дараа 24 оноо авч, заналт өрсөлдөгч “Барселона”-аас гурван оноо алдаж хоёрдугаарт бичигдэж байна.

Бельги-Испанийн тоглолт цуцлагдлаа

Өнөөдөр Брюссельд болох байсан Бельги-Испанийн нөхөрсөг тоглолт цуцлагдлаа.
Францад аймшигт аллага үйлдсэн  этгээдүүд Бельгид амьдардаг байсан, халдлагыг Бельгид төлөвлөж бэлдсэн, одоо ч дахин халдлага үйлдэх заналхийлэл гарсаар байгаа тул тоглолтыг арга буюу цуцлав. Лалын алан хядагчдын зүгээс заналхийлэл ирсээр байгааг Бельгийн цагдаагийн газраас сануулж, сонор сэрэмжийг улс орон даяар дээшлүүлээд байгаа аж. Хоёр улсын хөлбөмбөгийн холбоо харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөрсөг тоглолтыг цуцалсан байна. Парист Франц-Германы нөхөрсөг тоглолтын үеэр нэгэн алан хядагч цэнгэлдэх рүү нэвтрэх гэж оролдоод чадалгүй гадаа нь бөмбөг дэлбэлсэн билээ. Олон хүн цугласан газар халдлага үйлдэгдэх магадлал ихтэй хэмээн үзсэн тул Бельгийн тал дээрх шийдвэрийг гаргажээ.

Гвинейд Эболагийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарчээ


Гвиней улсад Эбола тахлаар халдварласан сүүлчийн өвчтөнийг эмчилж дуусан эмнэлгээс гаргалаа хэмээн Reuters агентлаг уламжлав. “Эболагаар халдварлаад байсан сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарлаа. Хоёр ч шинжилгээ хийхэд нааштай хариу гарсан” хэмээн Эболаг эмчлэх холбооны төлөөлөгч Фоде Тасса өгүүлэв. Үүний өмнө Эбола вирусээр халдварласан хэмээн дахин эмнэлэгт хүргэгдсэн Их Британийн сувилагч Паулина мөн эмнэлгээс гарчээ. Тэрээр бүрэн эмчлэгдэж Глазго дахь хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлгээс гарчээ. 

No comments:

Post a Comment