Monday, November 9, 2015



Тоглоомон гар буутай олны өмнө гарахыг хориглов

АНУ-ын Бостон хотын захиргаа олон нийтийн газар тоглоомон гар буу үзүүлэх, авч явахыг хоригложээ. Хотын дарга Марти Уолш зохих баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хууль сахиулах байгууллага хиймэл гар бууг хурааж авах бөгөөд дараа нь цагдаагийн газраас буцаан авч болох аж. Олон нийтийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэхийн тулд дээрх хуулийг баталсан хэмээн мэдээлж байна. Хэн нэг нь гар буу ил авч яваа тохиолдолд цагдаагийн ажилтнууд хэдхэн секундын дотор жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоох ёстой болж байна. Хотын захиргаа жинхэнэ мэт харагддаг буу, галт зэвсэг үйлдвэрлэгчидтэй яриа хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгдлээ. Жинхэнэ мэт гар буу нь айдас, замбараагүй байдалд хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Орос эмэгтэй 69 хүүхэд төрүүлсэн гэж үнэн үү

Нэг хүүхэд ч төрүүлж өсгөнө гэдэг тун ч адармаатай ажил. Гэвч түүхийн баримт сэлтээс харвал нэгэн орос эмэгтэй 69 хүүхэд төрүүлсэн хэмээн баталж байна. Энэ үнэн үү? Орчин үеийн анагаах ухаан эмэгтэй хүний үржих, төрөх чадварыг дээшлүүлж чадах уу гэсэн олон асуулт дээрх мэдээллийн араас хөвөрч байна.
Британийн шар хэвлэлүүд XVIII зуунд байсан бол орос тариачин Федор Васильевийн гэр бүлийн түүх жинхэнэ шуугиан дэгдээх байсан биз. Нэр нь түүхэнд бичигдэж үлдээгүй Васильевийн анхны эхнэр төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор дэлхийн үнэмлэхүй рекордыг эзэмшинэ хэмээн үзэж байна. Никольскийн сүмийн хандмаа нараас Москва руу илгээсэн баримтаар, тариачин Федорын эхнэр 1725-1765 онд 16 ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр төрүүлсэн аж. Нийтдээ 27 удаа төрөхдөө 69 хүүхэд гаргасан байна.
Эмэгтэй хүний бие бялдар байгалийн жамаар ийм олон хүүхэд төрүүлэх чадвартай юу гэсэн асуулт гарч, маргаан ид өрнөх болов. Зарим эрдэмтэн, судлаач орчин үеийн шинжлэх ухааны ачаар эмэгтэй хүн энэнээс илүү хүүхэд төрүүлэх боломжтой болсон хэмээн хэлж байна. Васильевийн эхнэр 40 жилийн дотор 27 удаа хөл хүнд болж амаржсан гэдэг нь 1.4 жил тутамд хүүхэд гаргаж байсан гэсэн үг. Эмэгтэй хүн байнга ингэж төрөөд, амаржаад байж чадах уу, ийм олон удаа жирэмсэлж чадах уу, хэдэн нас хүртлээ төрж чадах вэ зэрэг олон асуулт гарч байна. Ихэнх эмэгтэй хүн 45 хүрээд жирэмслэх чадваргүй болдог аж. Тэгвэл тариачин Федорын эхнэр бараг 60 хүртлээ жирэмсэлж, хүүхэд төрүүлж байсан бололтой. Энэ үнэн үү, энэ боломжтой юу гэсэн асуултын хариуг эмч, мэргэжилтнүүд хайж байна.

Пан Ги Мун Бурунди дахь аллагыг зогсоохыг уриалав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Бурунди улсад болж буй аллагыг шүүмжилж, нийслэл Бужумбур хот болон эргэн тойронд болж буй мөргөлдөөнийг даруй зогсоохыг уриаллаа. Тус улсад болж буй дайн, мөргөлдөөн зогсохгүй байгаагийн улмаас Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлаад байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цагдаагийн хувцас өмссөн босогчид Бужумбур хотын нэгэн уушийн газар нэвтрэн орж есөн хүнийг бууджээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Пьер Нкурунзизаг эсэргүүцэгчид х үчирхийллийн бай болж байна хэмээн хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. Төрийн тэргүүн гурав дахь удаагаа сонгогдохыг эсэргүүцсэн мянга мянган хүмүүс дөрөвдүгээр сард гудамжинд гарснаар бослого хөдөлгөөн эхэлсэн юм. Долдугаар сарын 21-нд Нкурунзиза 70 хувийн санал авч дахин сонгогджээ. Сөрөг хүчний нэр дэвшигч Агатон Рваса “Хуулийг уландаа гишгиж, манай намынхныг дарамталж байна” хэмээн мэдэгдэж нэрээ татаж авсан ч түүний нэр саналын хуудсан дээр үлдэж 20 хувийн санал авчээ. АНУ, Европын холбоо, Африкийн холбоо Бурундид чөлөөт, шударга сонгууль болсон хэмээн үзэхээс татгалзсан юм. Дэлхийн банкнаас гаргасан мэдээллээр, 10.4 сая хүн амтай Бурунди улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр доороосоо хоёрт бичигддэг ажээ. 

No comments:

Post a Comment