Tuesday, November 3, 2015



Хятадын онлайн дэлгүүрийн барааны 41 хувь нь чанаргүй

Хятадын түшмэдэд зориулж гаргасан тайланд тус улсын интернэт дэлгүүрийн барааны 59 хувь нь л чанарын шаардлага хангаж байна хэмээн онцолжээ. Үлдсэн 41 хувь нь чанаргүй, хуурамч бараа бүтээгдэхүүн байдаг аж. Онлайн худалдааны хуулийг чангатгаж, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалах алхам үгүйлэгдэж байгааг илтгэлд дурдсан байна. Хятадад онлайн худалдаа сүүлийн нэг жилд 40 хувиар өсч, нийт эргэлт нь 441 тэрбум долларт хүрчээ. Үүний хажуугаар барааны чанарын асуудал босч ирж, гомдол санал тавих хүний тоо нэмэгдсэн юм. Өнгөрсөн онд гэхэд л барааны чанартай холбоотой 80 мянган гомдол ирсэн байна.

Хятад,  Тайванийн лидерүүд Сингапурт уулзана

Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцю, Хятадын удирдагч Си Зиньпин нар ирэх хагас сайнд Сингапурт уулзахаар тохиролцжээ. 1949 оны иргэний дайнаас хойш дайсагнагч хоёр тал анх удаа ийнхүү түүхэн уулзалт хийх гэж байгааг Тайванийн Засгийн газраас зарласан байна.
“Энх тайвныг баталгаажуулж, Формосын хоолой дахь одоогийн нөхцөл байдал, харилцааг (Status quo) хадгалж үлдэх нь Ерөнхийлөгч Ма Инцюгийн айлчлалын зорилго юм” хэмээн Тайванийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Чарльз Чэн мэдэгдлээ. Гэвч хоёр лидер ямар нэг тохиролцоо, баримт бичигт гарын үсэг зурахгүй, ямар нэг хамтарсан мэдэгдэл гаргахгүй ажээ. Тайван, Хятадын удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцоно хэмээн Тайпей уламжилж байна. Тайванийн Ерөнхийлөгч өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж дотоод, гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм.
Тайванийн сөрөг хүчний намууд ирэх бямба гаригийн уулзалтад санаа зовниж, Тайваны парламентын ордны өмнө эсэргүүцлийн жагсаал зохионй байгуулахаар болжээ. Бээжингийн Засгийн газар энэхүү түүхэн уулзалтын талаар ямар нэг мэдэгдэл, тайлбар хийсэнгүй

“Исламын улс”-ын эгнээнд 25-30 мянган гадаад байлдаж байна

“Исламын улс” террорист бүлгийн эгнээнд 25-30 мянган гадаадын иргэн, тэдний дотор ОХУ, Ази, Номхон далайн орнуудын иргэд байлдаж байна хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Анатолий Антонов мэдэгдлээ. “Тэд эх орондоо буцаж ирвэл хүчирхийлэл, хэт даврах үзлийг өөртөө тээж, энэ үзэл бодлоо сурталчлан түгээж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах магадлалтай” хэмээн тэрээр онцоллоо. Сирид лалын босогчдын эгнээнд тулалдаж байгаа хүмүүс эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрч болохгүй, улс орнууд энэ тал дээр хамтран ажиллах ёстой хэмээн үзэж байна. ОХУ-ын нисэх хүчин есдүгээр сарын 30-наас Сири дахь лалын босогчдын байрлалыг бөмбөгдөж байгаа. Терроризмын эсрэг тэмцэх олон хүчнээс тусдаа энэ ажиллагааг явуулж байгаа юм. 

No comments:

Post a Comment