Sunday, November 15, 2015




Францын нисэх хүчин “Исламын улс”-ыг бөмбөгдөв

Францын нисэх хүчин өчигдөр Сирийн Ракка хот дахь хэт даврагч “Исламын улс” бүлгийн байрлалд 20 орчим цохилт өгчээ.  Ракка нь лалын босогчдын гол түшиц газар юм. Агаарын довтолгоонд байлдааны арван онгоц оролцсон хэмээн Францын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Жихадистуудын командлалын байр, дайчилгааны төв, зэр зэвсгийн агуулах, “Исламын улс” бүлгийн сургалтын хуаранг довтолсон байна.
Парис аймшигт халдлагад өртсөн ч Сири дахь лал босогчдын байрлалыг бөмбөгдсөөр байх болно хэмээн Ерөнхий сайд Мануэл  Валс мэдэгдсэн юм. “Исламын улс” бүлэг үйлдсэнээ хүлээсэн халдлагад 132 хүн амиа алдаж, 350 хүн шархдаад байна. Лалын шашныг үндэслэн байгуулагчийг доромжилж, АНУ-тай хамтран агаараас довтолж буйн хариуг өгсөн хэмээн “Исламын улс”-ын мэдэгдэлд онцолсон байв.

Абделслам Салахыг эрэн сурвалжилж байна

Францын эрх баригчид Бельгийн 26 настай иргэн Абдеслам Салахыг Парис дахь халдлагад сэжиглэн эрэн сурвалжилж байна. Халдлага үйлдсэн террористуудын ашигласан автомашиныг Парисын захаас олсны дараа Салах ганцаараа амьд үлдэж зугтсан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Алан хядагчдын нэг нь түүний ах байж магадгүй байна. Зургаан алан хядагч шахидын бүсээ дэлбэлж дууссан бол, нэгийг нь цагдаа нар буудаж унагасан аж.
Парис дахь халдлагыг Бельгийн нийслэл Брюссель орчмын жижиг хотод бэлдэж төлөвлөсөн хэмээн үзэж байна. Тэнд алан хядагчдын нэг нь амьдардаг байжээ. Бельгийн тал энэ хэргийг тусгайлан мөрдөн шалгаж байгаа. “Исламын улс” бүлэгт нэгдсэн иргэдийнхээ тоогоор Бельги улс Европт тэргүүлдэг ажээ. Абделслам Салахыг эрэн сурвалжлах ажиллагаанд Франц, Бельгийн цагдаа хамтран ажиллаж байна. Тэрээр зэвсэгтэй байж магадгүй тул тун аюултай хэмээн цагдаагийн газраас анхаарууллаа.

Б.Обама, В.Путин нар 35 минут ярилцжээ

Туркт болж буй “Их-20” уулзалтын үеэр Америк, Оросын лидерүүд уулзаж ярилцжээ. Оросын цэргийн оролцоо Сирийн үйл явдалд чухал гэдгийг Цагаан ордны эзэн Барак Обама болгоомжтой, тойруугаар хүлээн зөвшөөрсөн аж. Москвагийн талаар баримтлах Вашингтоны байр суурь ийнхүү өөрчлөгдөж байна хэмээн Америкийн хэвлэлүүд бичих болов. Парис дахь алан хядлага “Их-20”-ийн уулзалтыг аюулгүй байдал руу төвлөрөхөд хүргэсэн юм. Австралид болсон өмнөх уулзалтаар өрнөдийн лидерүүд В.Путинаас зугтаж байсан бол, Антальяд Оросын лидер хамгийн нэр хүндтэй байр сууринд тавигдаж байна. “Исламын улс” бүлгийн эсрэг үр дүнтэй тэмцэж байгаа Оросын алхмыг өрнөдийнхөн өөрөөр харах болов. Оросын талаас Сирид явуулж буй ажиллагааг АНУ илүү нааштайгаар хүлээн авах болсон нь Б.Обамагийн хэлсэн үгнээс харагдаж байна. Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болсон хоёр лидерийн уулзалт албаны зураг авалтаас хэтрэхгүй байсан бол энэ удаа Путин, Обама нар хагас цагийн турш нухацтай ярилцсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс энэ уулзалтад оролцжээ. Уулзалтын дараа Сири дахь Оросын үйл ажиллагааны талаарх АНУ-ын засаг захиргааны байх сууринд “өөр өнгө аяс” орсныг Wall Street Journal сэтгүүл онцлон тэмдэглэжээ.

No comments:

Post a Comment