Wednesday, November 18, 2015



“Ийм тэсрэх бөмбөгийг зөвхөн нохой л илрүүлж чадна”

ОХУ болон бусад олон улс оронд хориглогдсон алан хядагч “Исламын улс” бүлэг Египетэд дэлбэрч сүйрсэн A321 нисэх онгоцонд тавьсан тэсрэх бөмбөгийн зургийг нийтэлжээ. Гаазтай ундааны савыг дэлбэрэх бодисоор дүүргэж онгоцонд оруулсан аж. Алан хядагчид эхлээд өрнөдийн авиакомпанийн онгоцыг дэлбэлэх бодолтой байсан ч эцэст нь Оросын иргэний тээврийн онгоцыг онилсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нисэх буудал дээр ийм тэсрэх бөмбөгийг зөвхөн тусгай сургалттай нохой л илрүүлж чаддаг аж.

Энэхүү шуугиант мэдээлэл “Исламын улс” бүлгээс эрхлэн гаргадаг Dabiq сэтгүүлд нийтлэгдсэн юм. 12 дахь удаагаа хэвлэгдэж буй тус сэтгүүлийн энэ дугаар бараг тэр чигээрээ Франц, Оросын эсрэг хийсэн халдлага, дайралтад зориулагдсан байна. Лалын хэт даврагч бүлэг эхэндээ Сири, Иракийн бөмбөгдөж байгаа өрнөдийн аль нэг орны эсрэг алан хядах ажиллагаа явуулах гэж байжээ. Гэвч ОХУ Сири дахь “Исламын улс”-ын байрлалыг агаараас довтолж эхэлсний дараа Оросын онгоцыг сонгож авсан аж. Египетэд унасан Оросын авиакомпанийн онгоцны сүйрлийн шалтгаан нь дэлбэрэлт, алан хядах ажиллагаа болохыг Кремль баталсан юм. Ерөнхийлөгч В.Путин буруутай этгээдийг олж, устгана гэдгээ амласан. Dabiq сэтгүүлд бичсэнээр, алан хядагчид Шарм-эль-Шейхийн нисэх буудлын аюулгүй байдлыг нэвтлэх аргыг олж, нисэх онгоцонд тэсрэх бөмбөгөө нууцаар байрлуулсан ажээ. Нисэх онгоцонд явж байсан 224 хүн бүгд амь үрэгджээ. Бараг бүгдээрээ Оросын иргэд байсан юм.

No comments:

Post a Comment