Monday, November 2, 2015

Хятадын онлайн дэлгүүрийн барааны 41 хувь нь чанаргүй

Хятадын түшмэдэд зориулж гаргасан тайланд тус улсын интернэт дэлгүүрийн барааны 59 хувь нь л чанарын шаардлага хангаж байна хэмээн онцолжээ. Үлдсэн 41 хувь нь чанаргүй, хуурамч бараа бүтээгдэхүүн байдаг аж. Онлайн худалдааны хуулийг чангатгаж, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалах алхам үгүйлэгдэж байгааг илтгэлд дурдсан байна. Хятадад онлайн худалдаа сүүлийн нэг жилд 40 хувиар өсч, нийт эргэлт нь 441 тэрбум долларт хүрчээ. Үүний хажуугаар барааны чанарын асуудал босч ирж, гомдол санал тавих хүний тоо нэмэгдсэн юм. Өнгөрсөн онд гэхэд л барааны чанартай холбоотой 80 мянган гомдол ирсэн байна.

Ширхэг бүр нь 37 паундын үнэтэй зайдас

Британийн махны худалдаачин Кевин Тернер дэлхийд хамгийн үнэтэй зайдас үйлдвэрлэж байна. Тэрээр төрөлх Олдершот хотдоо унгар гахайн мах, газар доорх мөөг, бяслаг, 1947 оны дарс болон бусад орцоор амталсан зайдас хийж, нэг ширхгийг нь 37 паундаар борлуулж байна. Их Британид ердийн зайдас 35 пенс (задгай мөнгө) байдаг. “Яагаад миний зайдас 100 дахин их үнэтэй байгаа юм гэж үү.. Би л тэгж үнэллээ. Онцгой амт, чанарт дуртай хүмүүст таалагдах байх” хэмээн Тернер хэллээ. Тэрээр арваннэгдүгээр сарын 2-8-нд болох British Sausage Week-т зориулж энэхүү зайдасаа үйлдвэрлэж байгаа аж.

Б.Обама АНУ-ын хоёр жилийн төсвийг батлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дараагийн хоёр жилийн төсвийг баталжээ. Улсын өр зээлийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх хугацаа өчигдөр дууссан аж. Өнгөрсөн долоо хоногт баталсан хуулийн дагуу, төрийн зардлыг дахиад 80 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ерөнхийлөгч Обама ардчилагч болон бүгднайрамдахчуудын лидерт талархал илэрхийлэв. Намууд тохиролцсоноор Америкийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ хэмээн Б.Обама онцолжээ. Улсын өр зээлийн хэмжээг 2017 оны гуравдугаар сараас нааш буюу Цагаан ордон шинэ эзэнтэй болтол хэлэлцэхгүй хэмээн тогтлоо. Харин Б.Обама Коннрессын баталсан батлан хамгаалахад 612 тэрбум доллар зарцуулах хуулийн төсөлд хориг тавьсан байна. 

No comments:

Post a Comment