Wednesday, November 4, 2015



В.Путин дахин жагсаалтыг тэргүүллээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан тэргүүллээ. Долоо дахь удаагаа гарч буй жагсаалтад АНУ-ын лидер Барак Обама гуравт бичигдсэн байна. Германыг арав гаруй жил удирдаж байгаа канцлер Ангела Меркель өмнөх жилийн байрлалаа гурваар ахиулж аман хүзүүдэв. Араас нь католик шашны тэргүүн Франциско, Хятадын удирдагч Си Зиньпин орж байна. Си дарга хоёр байр ухарчээ. 73 хүнээс бүрдсэн жагсаалтад дэлхийн тэргүүн баячууд ихэнх хувийг эзэлж байгаа нь мөнгө шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлдгийг дахин батлав. Дэлхийн тэргүүн баяны нэг Карлос Слим, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Мексикийн лидер Энрике Пенья Нието зэрэг нэр харагдаж байна. “Исламын улс” бүлгийн лидер Абу Бакр эль-Багдади 57-д бичигджээ.

Пакистанд үйлдвэрийн барилга нуржээ

Пакистаны Лахор хотод цүнхний үйлдвэрийн барилга нурж дор хаяж 18 хүний амь үрэгдээд байна. 100 гаруй хүн нурангид дарагдсан хэмээн Reuters уламжлав. Дөрвөн давхар барилга бүрэн нурсан аж. Аврагчид ослын газарт шуурхай ажиллаж, тэдэнд цэргийнхэн тусалж байна. Нуранги дороос 75 хүнийг эсэн мэнд гаргаж авчээ. Дарагдсан зарим хүн гар утсаар холбоо барьж байгаа аж. Үйлдвэрийн барилга юунаас болж нурсан нь тодорхойгүй байгаа ч зарим хэсэгт барилгын ажил хийж байсныг гэрчүүд ярилаа. Пакистан, Бангладеш, Энэтхэгт  чанаргүй байшин барилга нурж хүний аминд хүрсээр байна.

Линкольний гар бичмэл 2.2 сая доллараар зарагдлаа

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольний гар бичмэл Нью-Йорк дахь дуудлага худалдаагаар орж хоёр сая 213 мянган доллараар зарагджээ. Тэрээр 1865 оны гуравдугаар сард буюу буудуулж нас барахаасаа долоо хоногийн өмнө 10 настай жаалд зориулан бичиж, гарын үсгээ үлдээж байсан аж. Линкольн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хэлэх үгнээсээ ишлэж, XIX зууны нэртэй зүтгэлтнүүдийн гарын үсгийн цуглуулга дээр мутраа үлдээсэн байв. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэхүү гар бичмэл нь Линкольний тангараг өргөх ёслолын таван цуутай гар бичмэлийн нэг ажээ. Асар их нэр хүндтэй 16 дахь Ерөнхийлөгчийн туг үс Heritage дуудлага худалдаанд 800 мянган долларын үнэ хүрч байв.

No comments:

Post a Comment