Saturday, November 14, 2015









Парист болсон халдлагад 129 хүн амиа алдаж, 352 хүн шархадлаа

Францын түүхэн дэх хамгийн аймшигт халдлагад 129 хүн амиа алдаж, 352 хүн шархдаж гэмтээд байна. 99 хүний биеийн байдал хүнд байгаа аж. “Исламын улс” бүлэг Парис хот дахь аллагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, хоорондоо холбоотой ажилласан гурван хэсэг террористууд аллага үйлдсэн аж. Амьгүй болсон алан хядагчид дотор Францын нэг иргэн байсан юм. Бельгид гурван хүнийг сэжиглэн баривчиллаа. Франц орон айдас хүйдэст автаж, улс орон даяар онц байдал зарлаад байна.
Эрт, орой хэзээ нэгэн цагт халдлага болно гэдгийг Франц улс мэдэрч байжээ. Хэзээ, хаана гэдэг нь мэдэгдэхгүй байсан ч ийм юм болно гэдгийг мэдрээд байсан аж. Өнгөрсөн нэгдүгээр сард террористууд Charlie Hebdo шог сэтгүүлийн редакц руу дайран орж сэтгүүлч, шог зураачдыг нь хядсаны дараа лалын алан хядагчид Франц орны эсрэг дахин аллага үйлдэхээр бэлтгэж байгааг Ерөнхийлөгч Франсуа Олланд, Ерөнхий сайд Мануэль Валлс, Парис хотын дарга Анне Идальго, мөн хэд хэдэн сайд нар сануулсаар байсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн 21.20 цагаас эхлэн энэхүү муу ёрын зөн биеллээ олжээ. Гуравдугаар сарын 13-ны шөнө Францын нийслэл хотод нэгэн зэрэг зургаан халдлага болов. Франц-Германы хөлбөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж байсан Stade de France цэнгэлдэхийн орчимд гурван дэлбэрэлт болсон. Энэ тоглолтыг Ерөнхийлөгч Франсуа Олланд цэнгэлдэхэд үзэж байсан билээ. Террористууд тэсрэх бодистой бүсээ дэлбэлжээ.
Le Petit Cambodge зоогийн газар, Belle Еquipe байшин, Le Carillon баар, мөн Bataclan концертын танхим АК автомат буутай террористуудын халдлагад өртсөн байна. Концертын танхимд орж ирсэн зэвсэгтэй гурван этгээд “Аллах бол агуу” хэмээн хашгирч нүдэндээ өртсөн хүмүүс руу буудаж эхэлжээ. Энэ халдлага Францын түүхэнд хамгийн аймшигтайд тооцогдож байна. Гурван хэсэгт хуваагдаж аллага үйлдсэн террористууд буудаж эхэлхээсээ өмнө Сири, Ирак хэмээн хашгирч байсан аж.
Нийтдээ 129 хүн халдагын золиос болсноос 89 нь Батаклан театрт амиа алдсан байна. Тэнд амиа алдсан хүмүүс бараг бүгдээрээ францууд. Тунис, Румын, Бельгийн тус бүр хоёр, Америк, Англи, Португалын тус бүр нэг иргэн аллагын золиос болжээ. Долоон террорист амиа золиослож, эсвэл цагдаагийн суманд өртөж амь үрэгджээ.

Зайлах боломжгүй дайн

Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараа Европ тив 14 жилийн турш өөрсдийн газар нутаг дээрх дайн, тэсрэлт, дэлбэрэлтээс сэргийлж ирсэн ч энэ гамшгаас зайлж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Парис дахь аллагыг дүгнэж хэлэхдээ үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм: “Энэ бол террорист армийн хийсэн дайны үйлдэл байлаа”.
Лалын үндсэрхэг, радикал үзэлтнүүдийн зарласан дайн амиа золиослогч, тэслэгч, дэлбэлэгч шүтэн бишрэгчдийн оюун санааны эвслийг бий болгож, хэзээ нэгэн цагт иймэрхүү аллага үйлдэх нь ойлгомжтой байсан. Харамсалтай нь өрнөдийн улс гүрнүүд энэ заналхийллийг “үл ойшоож”, дайн байлдаан, хямрал мөргөлдөөнөөс сэргийлэхийн оронд зарим улсын сөрөг хүчний дэмжиж хооронд нь арсалдуулж, өөрсдийн бодлого, үйлдлийг хэт их тулгасны гор нь ийнхүү гарсаар байна хэмээн үзэх хүн олон байна.
Энэ бүгдийн эцэст лалын үндсэрхэг үзэл улам бэхжиж, лалын орнуудыг эзэлж, улмаар Европын хөрсөнд нэвтрэн орсоор байгаа юм. Халдлага, дэлбэрэлт Парисаар зогсохгүй гэж байна. Аюулгүй байдлын ямар ч арга хэмжээ авсан үүнээс сэргийлж чадахгүй хэмээн тоймч, ажиглагчид үзэж байгаа аж. Богино хугацааны цэрэг, зэвсгийн хариу арга хэмжээ ч үр дүн авчрахгүй бололтой. Лалын алан хядагчдын эсрэг ямар аргаар тэмцэх нь үр дүнтэйг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Цэрэг зэвсгийн алхам нь аюул заналхийллийг дунд болон урт хугацаагаар байхгүй болгох ч үүрд байхгүй болгохгүй нь мэдээж. Лалын фундаменталист, хэт даврах үзэл Европын эсрэг эвлэршгүй дайн зарласныг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал хэмээн тэргүүлэх улстөрч, тоймчид хэлэх болов.
“Европын бүх орны Засгийн газар жихадизмийн эсрэг тэмцлээ аль хэр хангалттай вэ гэж өөрсдөөсөө асуухыг Парисын халдлага санууллаа. Хангалттай биш бол Европ тив дайны байдалд орсныг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн “Le Parisien” сэтгүүл онцолсон байна.

Алан хядагчдын нэг нь Stade de France цэнгэлдэхэд орох гэж оролджээ

Парисыг довтолсон террористуудын нэг нь Франц-Германы шигшээ багийн тоглолт болж байсан Stade de France цэнгэлдэх рүү нэвтрэх гэж оролджээ. Тоглолтын тасалбар авчихсан байсан тэрбээр цэнгэлдэх дотор бөмбөг дэлбэлж эмх замбараагүй байдал, шахцалдаан үүсгэх зорилготой байсан бололтой. Цэнгэлдэхийн аюулгүйн албаны ажилтнууд өөрийгөө Зухейр хэмээн танилцуулсан нэгэн этгээд алан хядагчийн хантаазтай байхыг илрүүлжээ. Гэвч мань этгээд илчлэгдсэнээ мэдээд буцаж зугтан биедээ авч явсан тэсрэх бодисоо цэнгэлдэхийн гадаа дэлбэлсэн гэж байна. Энэ үеэр 80 мянган хүн хөлбөмбөгийн тоглолт үзэж байсан аж. Үүнээс гурван минутын дараа цэнгэлдэхийн гадаа дахин нэг дэлбэрэлт болжээ. Гурав дахь нь мөн ойрхон байдаг McDonald's-ийн хажууд болсон аж. Эдгээр довтолгоонд нэг хүний амь үрэгджээ.

Лондоны нисэх буудал дээр сэжигтэй этгээдийг баривчлав

Лондоны Гатвик нисэх буудал дээр хутга, буу авч явсан гэх этгээдийг саатуулан баривчилжээ. Түгшүүр зарлаж нисэх буудлын хойд терминалд байсан хүмүүсийг яаралтай гаргасан байна. 41 настай франц эр нисэх буудлын аюулгүйн бүсээс холгүй цүнхээ орхисныг цагдаа нар сэжиглэн шалгасан аж. Гатвикийн ажиллагаа хэдэн цагийн дараа сэргэжээ. Цүнхэнд тэсрэх бөмбөг байрлуулж алсаас дэлбэлэх гэж байсан хэмээн үзэж байсан юм. Гэвч тэсрэх бодис байсангүй, харин хутга, буу гарч иржээ. Парист болсон халдлагын улмаас Европ даяар сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.

Нэг алан хядагчийг хуруугаар нь таньжээ

Цагдаагийн газрын шинжээчид Батаклан концертын танхимд амиа алдсан террористуудын нэгийг нь таньж хэн болохыг тогтоожээ. Парисын ойролцоо төрсөн, франц иргэншилтэй, 29 настай Исмаэл Омар Мостефай гэгч этгээдийг олж тогтоогоод байна. Танхимын нуранги дороос олдсон нэгэн тасарсан хуруунд шинжилгээ хийж түүний хуруу болохыг тогтоосон аж. Омар Мостефай нь радикал, үндсэрхэг үзлээрээ эрх баригчдын хараанд өртөж, улсын аюулгүй байдалд маш аюултай этгээдүүдийн жагсаалтад орсон байсан хэмээн Францын ерөнхий прокурор Франсуа Молин мэдэгдлээ. Концертын танхимд амиа золиослон бөмбөг дэлбэлсэн Мостефай 2004-2010 онд жижиг гэмт хэргээр найман удаа шийтгүүлж байсан аж. Цагдаа нар мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж алан хядагчийн Коркорнес дахь гэрийг нэгжжээ. Мөн түүний эцгийн болон ахынх нь гэрийг нэгжиж, хоёуланг нь баривчлан саатуулаад байна.

No comments:

Post a Comment