Sunday, November 29, 2015




Хятадын ижил хүйстнүүд хуулиар хамгаалуулахыг хүсч байна

Хятадын ижил хүйстнүүдийн нийгэм (LGBT, lesbians, gays, bisexuales and transexuales) сүүлийн арван жилд багагүй амжилтад хүрээд байгаа ч үл итгэл, хардалт, хавчлагад өртсөн хэвээр. Гомосекс хандлагыг цахилгаанаар цохиулж эмчилдэг эмнэлэг, ижил хүйстэндээ татагддагыг “Гажуудал” хэмээн тодорхойлсон ном, сурах бичиг байсаар байна. Дундад улсын ижил хүйстнүүд эрхээ хамгаалахын тулд шүүхэд хандах үйл явцыг эхлүүлжээ.
Хүмүүс бие биендээ татагдах байгалийн бус чиг хандлагыг хавчин гадуурхахыг Хятадад хуулиар хориглосон юм. Ижил хүйстнүүдийг хориглосон хуулийг 1997 онд цуцалснаар үүнийг “Балмад бүдүүлэг явдал” хэмээн шийтгэхээ больжээ. 2001 оноос хойш сэтгэцийн өвчин гэх тодорхойлолтоос албан ёсоор салсан байна. АНУ зэрэг улсад байдаг шиг ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн бүлэг, холбоо Хятадад байдаггүй. Хотод амьдардаг залуусын 80 хувь нь LGBT-г хүлээн зөвшөөрч байна хэмээн Beijing LGBT Center төрийн бус байгууллагын тэргүүн Синь Жин өгүүлэв. Хэдийгээр ийм ахиц, дэвшил байгаа ч ижил хүйстний хандлага нь олон нийтийн дунд яригдаад байдаггүй, гэр бүл дотор хүлээн зөвшөөрөхөд хэцүү цээртэй сэдэв хэвээр байна.
Олон аав ээж зүй бус хандлагатай хүүхдүүдээ гэрлэж, үр хүүхэдтэй болохыг шахаж шаарддаг ажээ. Тэдний олонх нь эцэг эхийнхээ дарамтад орж, өөрийнх нь бэлгийн чиг хандлагыг мэддэггүй хүмүүстэй гэрлэдэг. Зарим гей залуус лесби бүсгүйтэй “ханилах”-ыг илүүд үздэг байна. WorkforLGBT байгууллагаас хийсэн судалгаагаар, Хятад дахь лесби эмэгтэйчүүдийн зургаа, гей залуусын гурван хувь нь л ил гардаг байна. Гейүүдийн 77, лесбинүүдийн 80 хувьд гэр бүл доторх үл ойлголцол, үл хүлээн зөвшөөрөл хамгийн хэцүү дарамт болдог аж.
“Манай гэр бүл намайг хоёр жилийн өмнө л мэдсэн. Намайг мэдсэний дараа ихэд гутарч, хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэд ижил хүйстэн хандлагын талаар хэзээ ч сонсож байгаагүй. Тэр цагаас хойш байдал огт сайжирсангүй” хэмээн 32 настай залуу Пэн Янзи ярилаа. Тэрээр эцэг эхээ тайвшруулахын тулд 2014 онд “Залруулагч” хэмээн интернэтээр зарлагдсан эмнэлэгт очжээ. Ийм эмнэлгүүд дөрвөн мянга 500 еврогоор “Жигшүүлэх эмчилгээ” хийдгийн дотор цахилгаанаар цохиулах арга багтдаг аж. “Би дор хаяж 100 удаа цахилгаанаар цохиулах юм байна гэж тооцсон. Үүний дараа эсрэг хүйстнээ сонирхдог болно гэж байхгүй, харин сэтгэцийн өвчтэй болох юм байна лээ” хэмээн тэрээр өгүүлэв. Пэн тэнд эмчлүүлснийхээ дараа хуурамч зар түгээсэн, луйвар хийсэн хэмээн тус эмнэлгийг шүүхэд өгчээ. Шүүх түүний талд шийдвэр гаргаж, эмчилгээний зардал хэмээн урьдчилж төлсөн мөнгийг буцаан олгохыг үүрэгдсэн байна. Хятадын ижил хүйстний нийгэм үүнийг чухал ялалт хэмээн үзжээ.
Энэ онд гэйүүдийн эрхийн талаарх хоёр хэрэг шүүх дээр ирээд байна. Сургуулийнх нь сурах бичигт ижил хүйстэн чиг хандлагыг “Өвчин” хэмээн тодорхойлсон байсныг илрүүлсэн оюутан бүсгүй Чэн Киян Боловсроын яамыг шүүхэд өгчээ. Мөн ээж болон ижил хүйстэн хүүхдүүдийнх нь хоорондох харилцааг харуулсан Mama Rainbow кино бүтээгээд интернэтэд хориглуулсан найруулагч Фан Попо шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. “Миний киног нийгэмд хортой хэмээн хэлсэн. Гэвч энэ бол эх хүний хайр халамжийн тухай кино. Эхийн хайр нийгэмд ямар хор хөнөөлтэй юм бэ” хэмээн Фан учирлаж байна.

Хятадад иймэрхүү “ахиц дэвшил” ажиглагдаж байгаа ч нийгмийн сэтгэлгээг өөрчлөх боломж нь хязгаарлагдмал байгаа юм. “Залруулагч” эмнэлгүүд байсаар. Тус улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөд ихээхэн хол байгаа аж. Гэвч Хятадын LGBT нийгэмлэг идэвхтэй ажилласаар, ард иргэдийн санаа бодлыг өөрчилж чадна гэдэгт итгэсээр байна. Ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах нь ард иргэдийн эрхийг зөрчсөнтэй адил хэмээн үзэж, тэдний эрхийг хамгаалах үйл хэрэгт нэртэй өмгөөлөгчдийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж. 

No comments:

Post a Comment