Saturday, November 28, 2015

Герман 1200 цэргээ Сири рүү илгээж магадгүй

Герман улс "Исламын улс" бүлгийн террористуудын эсрэг тэмцэлд 1200 хүртэлх цэргээ Сири рүү илгээж магадгүй хэмээн Die Welt мэдээлэв. Германы зэвсэгт хүчний ерөнхий комиссар Фолькер Викер энэ тухай хэвлэлд ам нээсэн аж. Сирийн нисэх хүчин, тэнгисийн флотод дэмжлэг үзүүлэхэд 1200 цэрэг хангалттай хэмээн тэрээр онцолжээ. ХБНГУ гадаад улс оронд ийм тооны цэрэг илгээж байгаагүй юм. Мөн Берлин "Исламын улс" бүлгийн эсрэг тэмцэлд Францыг дэмжихийн тулд бөмбөгдөгч онгоцуудаа Сири рүү илгээх яриа гараад байгаа юм. Wall Street Journal мэдээлж буйгаар, Герман улс лалын босогчдын эсрэг тэмцэлд нэгдэх шийдвэр гаргаад байна.

Пан Ги Мун эгдүүцлээ илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Пан Ги Мун Мали улс дахь энхийг сахиулах хүчний баазыг довтолсон хэрэг явдалд эгдүүцэж буйгаа илэрхийллээ. "Буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө авчрах шаардлагатайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байна. НҮБ-ын энхийг сахиулагчдын эсрэг довтолгоо нь олон улсын хуулиар дайны гэмт хэрэгт тооцогддог" хэмээн НҮБ-ын мэдэгдэлд өгүүлжээ. Энхийг сахиулагчдыг довтолсон ч Мали улсад энх тайван, тогтвортой байдлыг бий болгох үйлсийг зогсоож чадахгүй хэмээн Пан Ги Мун цохон тэмдэглэв. Хэт даврагчид Мали дахв цэнхэр дуулгаатнуудыг довтлох үеэр хоёр энхийг сахиулагч, нэг иргэн амиа алдсан юм. 20 орчим хүн шархдаж бэртжээ.

Македони хилийн хамгаалалтаа зузаатгаж байна


Македони улс Гректэй залгаа хилийн бэхлэлт, хамгаалалтаа нэмэгдүүлж эхэллээ. Цагаач, дүрвэгчид ихээр орж ирдэг хилийн шалган нэвтүүлэх хэсэг, Гевгелия хот орчимд 2.5 метрийн өндөртэй хана хэрэм босгох гэж байна. Гэвч энэ нь хилээ хааж буй хэрэг биш, хууль бусаар хил нэвтрэлтээс сэргийлж байгаа хэмээн Македонийн тал мэдэгдэв. Эдүгээ Грекийн талд Европ руу орох боломж хайж буй 800 орчим цагаач байна. Сири, Ирак, Афганистаны цагаачдыг зарим шалгалт, хяналтын дараа хил нэвтрүүлнэ хэмээн мэдээлж байна. Македони руу орж чадахгүй гацсан иргэдийн зарим нь амаа оёж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Македони, Унгар зэрэг улсаар дамжиж Германд очих хүсэлтэй байгаа аж. 

No comments:

Post a Comment