Wednesday, November 25, 2015



Салах Абдесламыг Интерполоор хайна

Парисын халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдесламын мэдээлэл Интерполын мэдээллийн санд орлоо. Түүнийг хэд хэдэн гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжилж байна. Зэвсэг худалдсан, халдлагад оролцсон, тэсрэх бодис тээвэрлэсэн хэмээн үзэж Интерполын сайтад түүний гэрэл зургийг оруулж, өндөр, үс, нүдний өнгө зэрэг мэдээллийг багтаажээ. Бельгийн цагдаагийн газар Парисын аллагын гол сэжигтэн Салахтай хамт явж байсан Мохамед Абрини гэгчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буйг зарласан юм. Парисын “Батаклан” театр, “Стад де Франс” цэнгэлдэхэд болсон халдлагын улмаас 130 хүн амиа алдсан билээ.

Израиль цэргийг хутгалсан палестиныг устгав

Израилийн цэрэг рүү хутга барин дайрч шархдуулсан палестин иргэнийг буудаж устгасан тухай Associated Press мэдээлэв. Хеврон хотод болсон энэ хэрэг явдлын улмаас израиль цэрэг хүнд шархаджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израильд айлчилж байсан юм. Үүний өмнө еврейн Эцион сууринд палестин иргэн 20 настай израиль бүсгүйг хутгалж амь насыг нь хөнөөжээ. Мөн хэд хоногийн өмнө бензин түгээгүүрийн газрыг хамгаалж байсан нэг израиль цэрэг хутгалуулж амиа алдсан юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Манай улс ганцаарчилсан терроризмын аюулд өртөөд байна. Тэд нийгмийн сүлжээгээр холбогдож, өдөөгдөж ийм гэмт хэрэг үйлдэж байна” хэмээн мэдэгдлээ. Сүүлийн үед палестинууд израиль цэрэг, иргэд рүү хутга барин дайрах нь хэвийн үзэгдэл болоод байна.

Сонгуулийн өмнө сөрөг хүчний улстөрч алагджээ


Венесуэлийн сөрөг хүчний “Ардчиллын үйл хэрэг” намын лидерүүдийн нэг Луис Мануэль Диас алууллаа хэмээн Reuters уламжлав. Үл мэдэгдэх этгээдүүд түүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн аж. Диас Алтаграсиа хотод сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн Лилиан Тинторийн хамт индэр дээр байхад нь балмад этгээдүүд буудсан байна. Тэрээр “Ардчиллын үйл хэрэг” намын ерөнхий нарийн бичгийн дарга байжээ. Мануэль Диас сонгуулийн өмнөх кампанит ажлаар сонгогчидтой уулзалт хийгээд явж байсан юм. Венесуэлийн парламентын сонгууль арванхоёрдугаар сарын 6-нд болно. Диасыг буудсан этгээдүүд автомашинаар зугтаж алга болжээ. 

No comments:

Post a Comment