Sunday, November 22, 2015



Эрх баригч намын нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

Аргентинд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сөрөг хүчний нэр дэвшигч Маурисио Макри ялалт байгуулсан нь тодорхой болов. Эрх баригч намаас нэр дэвшсэн Даниэл Сциоли төрийн тэргүүний төлөөх тэмцэлд ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ. “Аргентины ард түмэн Маурисио Макрийг шинэ Ерөнхийлөгчөөрөө сонголоо. Би саяхан түүн рүү утасдаж баяр хүргэлээ” хэмээн Сциоли мэдэгдэв. Нийт саналын 70 орчим хувийг боловсруулан гаргахад Макри 53.5 хувийн санал аваад байна. Эрх баригч намын нэр дэвшигч 46.5 хувийн санал авчээ.

Гол сэжигтэнг барьж чадсангүй

Бельгийн нийслэл Брюссель хотод цагдаа, тусгай хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж 16 хүнийг баривчлан саатуулжээ. Парисын аллагын тархи гэгдэж байгаа Салах Абдесламыг хайж байгаа ч тэрээр баригдаагүй хэвээр байна. Саатуулагдсан хүмүүсээс буу, тэсрэх бодис илрээгүй ба тэднийг үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг удахгүй шийдэх аж. Моленбек баарны орчимд цагдаа, нэгэн жолоочийн хооронд мөргөлдөөн болж буун дуу гарчээ. Жолооч зугтсан ч баривчилж чадсан байна. Парис дахь халдлагыг зохион байгуулсан гэгдэж байгаа Салах Абдеслам зүсээ хувиргасан байж болзошгүйг цагдаагийн газраас анхааруулж байна.

Цагаан хирс дэлхийд гуравхан үлдэв

Сан-Диего хотын сафари-цэцэрлэгт Нола хэмээх цагаан хирс таалал төгссөнөөр дэлхий дээр энэ төрлийн амьтан гуравхан үлдлээ хэмээн Los Angeles Times сонин мэдээлэв. Долоо хоногийн өмнөөс Нолагийн бие муудаж, сүүлийн хэдэн өдөр бүр муудсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд үүрд нойрсуулах шийдвэр гаргажээ.

Энэ цагаан хирс 1989 онд Зүүн Европоо Сан-Диегод ирж, тус амьтны хүрээлэнгийн төдийгүй, бүх дэлхийд зартай болсон юм. Сүүлийн 50 жилд хулгайн анчид цагаан хирсийг хядаад дуусчээ. 1960 онд цагаан хирс хоёр мянга гарч тооллогдож байв. Өнгөрсөн оны сүүлч гэхэд дэлхий дээр таван цагаан хирс үлдсэн байжээ. 

No comments:

Post a Comment