Мьянмад сонгууль боллоо
Мьянма улсад бүх нийтийн сонгуулийн санал авах хэсгүүд
нээгдээд байна. Улс орны эрх мэдэл иргэний Засгийн газарт шилжсэнээс хойш хоёр
дахь удаагийн сонгууль болж байгаа юм. Гол өрсөлдөгчөөр Ардчиллын төлөөх
үндэсний нэгдэл намын тэргүүн Аун Сан Су Чи болон эрх баригч Эв нэгдэл,
хөгжлийн намын төлөөлөгчид нэрлэгдэж байна. Тус улсын хуулиар, Нобелийн энх
тайвны шагналт Су Чи нэр дэвшигчийн хувиар сонгуульд оролцох боломжгүй ажээ.
Түүний өөд болсон нөхөр, хоёр хүүхэд нь Их Британийн иргэншилтэй тул ийнхүү
хориглосон байна. Сонгууль болохоос хэд хоногийн өмнө Мьянмагийн Засгийн газар
босогчидтой гал зогсоох гэрээ байгуулсан юм.
Бичлэг зогсохоос өмнө ямар нэг доголдол гараагүй байжээ
Египетэд осолдсон Оросын А321 агаарын хөлгийн бүртгэх
төхөөрөмжийн мэдээлээс үзвэл, 9400 метрийн өндөрт бичлэг зогсох хүртэл нисэх
онгоцонд ямар нэг доголдол, системийн ажиллагаа саатсан зүйл бүртгэгдээгүй аж.
Энэ тухай ОХУ-ын Нислэгийн хорооны албан ёсны сайтад мэдээлсэн байна. “Нисэх
онгоцны ажиллагааг шалгаж бүртгэдэг систем онгоц 9400 метрийн өндөр авсны дараа
зогссон. Энэ хүртэл агаарын хөлөг хэвийн горимоор нисч байсан. Ямар нэг эд
анги, систем, агрегат доголдсон зүйл бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд онцолжээ. Ослын
газар эрэл хайгуул үргэлжилсээр байгаа юм. Нислэгийн бүхээг дахь яриаг бичиж
хураадаг хар хайрцагны бичлэгээс үзэхэд, сүүлчийн мөчид чимээ, шуугиан л
сонсогдож байгаа аж. “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц
Шарм-эль-Шейх хотоос Санкт-Петербург руу нисч яваад Египетийн Синайн хойгт унаж
осолдсон билээ. 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгдсэн
байна.
Берлинд цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал боллоо
Германы Берлин хотод цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал болж
таван мянга гаруй хүн оролцжээ. Европын холбоонд эргэлзэгч “Германы сонголт”
намын зохион байгуулсан цуглаанд неонацистууд ч байсан тухай мэдээлж байна.
Дүрвэгч, цагаачдад хандах хандлага Германы нийгмийг хоёр хуваасан юм. Кёльн,
Дрезден хотод цагаачдыг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Улстөрчид ч хоёр
хуваагджээ. Бундестаг цагаач, дүрвэгчдэд тавих шаардлагаа чангатгажээ. Германы
Гадаад хэргийн сайд Томас Мезьер дүрвэгсдийг Германд ирэлгүй гэртээ үлдэхийг
уриалсан юм. Мөн нэгэнт Германд ирсэн цагаачид ар гэрийн хүмүүсээ татаж
авчрахыг зөвшөөрөхгүй байгаа аж.
Европыг нөмөрсөн
цагаачлалын хямрал Германд хамгийн их цохилт өгч байна. 2015 оны эцсээр 800 мянган
цагаач тус улсад хөл тавина гэсэн тооцоо гарчээ. Оны эхний есөн сарын байдлаар
Европын холбооны улсуудад 710 мянган дүрвэгч, цагаач орж ирээд байна. Европын
холбооны удирдлага өнөөгийн цагаачлалын хямралыг дэлхийн II дайнаас хойшх хамгийн
том хямрал хэмээн нэрлэжээ.
No comments:
Post a Comment