Wednesday, October 28, 2015



Б.Обама ханхүү Харрид талархал илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их Британийн ханхүү Харриг Цагаан ордонд хүлээн авч Афганистанд цэргийн албаа нэр төртэй хаасанд талархал илэрхийлэв. “Афганд америк цэргүүдийн хамтаар үүрэг гүйцэтгэсэн ханхүүгийн суу алдарт талархал илэрхийлэхийг хүсч байна. Харри Америк, Их Британийн онцгой, гайхалтай харилцааг улам бэхжүүлсэн” хэмээн Обама хэлжээ. Дэлхийн халуун цэгүүдэд тулалдаж яваад шархадсан ахмад дайчид оролцох Invictus Games тоглолтын талаар ярилцахаар АНУ-д ирсэн ханхүү Харри Цагаан ордонд халуун дотноор хүлээж авсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ. “Афганистанд алба хааснаар миний амьдрал өөрчлөгдсөн. Их Британид буцаж ирээд улс эх орныхоо төлөө амь биеэ золиослосон ахмад дайчиддаа туслах ёстой сайн ойлгосон” хэмээн өгүүлэв.
Ханхүү Харри сүүлийн гурван жил нисэх хүчинд алба хааж Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр цэргийн нисгэгчийн замналаа дуусгах бодолтой байгаагаа 2015 оны нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Харри ирэх оны зургадугаар сард Британийн армийн албанаас чөлөөлөгдөх аж. Үүний дараа тэрээр Африк, Өмнөд Сахар дахь хүмүүнлэгийн үйл хэрэгт төвлөрнө гэж байна. Уэльсийн хунтайж Чарльз, гүнж Дианагийн бага хүү Харри Британийн хаан ширээг залгамжлагчдын жагсаалтад тавдугаарт бичигддэг.

Курдын автономи байгуулагдахаас сэргийлнэ

Сирийн курдууд Туркийн хил орчимд автономит улс байгуулахаас сэргийлэхийн тулд ямар ч аргыг ашиглахад бэлэн хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. “Үүнээс сэргийлэхийн тулд Туркт ямар нэг зөвшөөрөл хэрэггүй. Бид шаардлагатай бүхнийг хийх болно” хэмээн тэрээр онцолсон байна. Туркийн хил орчмын Сирийн Талл-Абъяд хотод курдууд автономи байгуулж буйгаар саяхан зарласан юм. Үүний дараа Туркийн тал тус хот руу цэргийн дайралт хийж магадгүй болоод байна. Туркийн хилийн ойролцоо курдууд автономи байгуулах нь Турк дахь курдуудыг өдөөж, салан тусгаарлах үзлийг гааруулна хэмээн Анкара үзэж байгаа аж.

Сомалид буусан онгоцны зорчигчид барьцаалагджээ

Сомали улсын нутаг дэвсгэрт ослын буулт хийсэн Airbus A380 онгоцонд явж байсан 12 хүнийг босогчдын “Аш-Шабаб” бүлгийнхэн барьцааллаа хэмээн Voice of America радио мэдээлэв. Уг нисэх онгоц Сомали дахь Африкийн холбооны цэргүүдэд ачаа хүргэж өгөхөөр явж байжээ. “Нисэх онгоц болон дотор нь явж байсан хүмүүс босогчдын бүлгийн гарт орсон нь батлагдлаа” хэмээн орон нутгийн захиргааны төлөөлөгч Мохамед Хусейн ярилаа. Барьцаалагдсан хүмүүсийн дунд АНУ-ын иргэд байгаа аж. Сомалид хүмүүс барьцаалагдсаныг Пентагон баталсан ч тэдгээр нь энгийн иргэд, эсвэл цэргийнхэн гэдгийг хэлэхээс татгалзжээ.

No comments:

Post a Comment