Wednesday, November 25, 2015




Куба цагаачид Коста-Рика, Никарагуагийн хил дээр гацжээ

Ойрхи Дорнод дахь дайн байлдаантай бүс нутгийн иргэд хэдэн мянгаараа Европ руу тэмүүлж томоохон хямрал, бэрхшээл үүсгэж байгаа бол ертөнцийн нөгөө бөөрөнд мөн ийм сэтгэл эмзэглэм дүр зураг бий болжээ. Харамсалтай нь үүнийг ярьж буй хүн алга. АНУ руу тэмүүлэн зүтгэж буй Кубын гурван мянга орчим иргэн Никарагуа, Коста-Рикагийн хил дээр гацжээ. Энэхүү аюултай аялалыг Эквадороос хэдэн зуугаараа эхлүүлж байгаа Эрх чөлөөний арлын иргэд Колумбаар дамжиж Төв Америкийг гатлан Мексик, эцэст нь Америкт хөл тавих ганцхан зорилготой. Колумб, Панамын хоорондох Карибын тэнгисийн Ураба хоолой дахь цагаачдын давалгаа “Латин Америкийн Лампедуза” хэмээх нэр аваад байна.
Хямрал хөрш орнуудыг түгшээж, ирэх долоо хоногт Төв Америкийн орнууд, Колумб, Куба, Эквадор, Мексикийн Гадаад хэргийн сайд нар гарц хайхын тулд Сальвадорт уулзахаар болов. Никарагуа “хилийн хаалт”-аа авч куба цагаачдыг оруулахыг Коста-Рика шаардаж байна. Америк руу тэмүүлсэн куба иргэд энэ сарын 15-нд Никарагуагийн хил дээр ирээд тус улсын цэргүүдтэй тулж гацжээ.
2008 онд Эквадорын Засгийн газар Кубын иргэдийг визээс чөлөөлсний дараа энэ урсгал эхэлсэн юм. 2012 оноос Эквадорт ирэх куба цагаачдын тоо эрс нэмэгдсээр 2015 онд ийнхүү хямралын хэмжээнд хүрээд байна. 2014 оны арванхоёрдугаар сард Вашингтон, Гавана хоёр дипломат харилцаагаа сэргээж буйгаа зарласны дараа бусад улс орноор дамжин АНУ-д хүрэх гэсэн куба иргэд жинхэнэ бужигнаж эхэлсэн юм. АНУ-ын газар нутаг дээр хөл тавьсан куба иргэдэд шууд оршин суух эрх олгодог Тохируулгын хууль буюу “Хуурай хөл, нойтон хөл” хэмээн нэрлэгдсэн Вашингтоны бодлого хүчин төгөлдөр хэвээр байгаа. АНУ руу хууль бусаар явж байгаад далай тэнгист саатуулагдвал эх орон руу нь буцаана, харин ямар нэг аргаар АНУ-ын газар нутаг, эрэг дээр хөл тавьж амжвал оршин суух эрх авах эрхтэй болдог аж. Кубын эргээс сал, завь болон хувиргасан ачааны машинаар Флоридагийн зүг далай, тэнгисээр бэдрэн явдаг байсан кубуудын их урсгал өнөөдөр Эквадороор дамжин газраар Америкт хүрэх гэж тэмүүлж байна. АНУ цагаачлалын эмгэнэлт урсгал, давалгаа үүсгэж байгаа дээрх бодлогоо даруй цуцлахыг Кубын эрх баригчид шаардсаар байна.
Эрх чөлөөний арлаас зугтаж буй хүмүүс бараг тэр чигээрээ эдийн засгийн шалтгааны улмаас орон гэрээ орхин явж байна. Кубын сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн Элисардо Санчес “Кубын эдийн засгийн байдал улс төрийн нөхцөл байдалтай нь холбоотой. Аз жаргалаас зугтдаг хүн гэж байхгүй. Эх орноо орхиж байгаа бол тэнд байдал сайнгүй гэсэн үг” хэмээн өгүүлэв.

Кубууд далай тэнгис, ширэнгэ ой, харийн нутгаар хийж буй тун аюултай аялалаа визгүй болсон Эквадороос эхэлж байна. Китод нисэх онгоцоор очиж, дараа нь Панам хүртэл газраар, усаар бэдэрнэ. Колумбаар газраар явбал босогчдын жинхэнэ өлгий нутгийг туулах хэрэгтэй болдог. Кубаас Майами хүртэл (144 км) онгоцоор 20 минут нисдэг бол Мексик-Америкийн хил хүртэл хоёр сарын өршөөлгүй, хатуу аялал хийх хэрэгтэй болдог. Замдаа дээрэм, луйвар, хүчирхийлэл, зодуур, доромжлол амсах нь энүүхэнд. Мексикт хууль бусаар орж ирсэн куба иргэдийг нутагт нь буцаах хууль хүчинтэй хэвээр байгаа нь бас нэг айдас нэмдэг аж. Гэвч хамгийн аюултай улс нь Колумб ажээ. Нутгийн тонуулчин, дээрэмчдээс гадна Колумбын цагдаа нар цагаачдад ихээхэн халгаатай байдаг бололтой. Панам руу ганцаараа зүтгэж явсан нэгэн куба бүсгүйг Колумбын цагдаа нар “Эх орон руу чинь буцаана” хэмээн сүрдүүлж уртаашаа авч явсан 1200 долларыг нь хурааж авчээ. Тус улсад хууль бус цагаачдыг янз бүрээр дарамталж, дээрэмдэж, хүний наймааны золиос ч болгох тохиолдол гарч байна. Никарагуа, Коста-Рикагийн хил дээр гацаад байгаа гурван мянган куба цагаачийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт хүний эрхийн байгууллагууд итгэж байна. Тэд Никарагуа руу нэвтэрсэн ч цаашаа Мексикээр дамжин “Америк мөрөөдөл”-д хүрэх зам бас л хол байгаа билээ.

No comments:

Post a Comment