Б.Обама амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парисын Батаклан теарт
ирж, халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Цаг агаарын
өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтад ирсэн Обама Францын Ерөнхийлөгч
Франсуа Олландын хамтаар Батаклан театрын гадаа ирж зул өргөж, цэцэг тавьжээ.
Арваннэгдүгээр сард Парист аймшигтай цуврал халдлага болж 130 хүн амиа алдсан
юм. Батаклан театрт рок концерт үзэж байсан хүмүүс балмад аллагын золиос болж тэнд
90 орчим хүн амь үрэгдсэн билээ. Парис дахь цаг агаарын дээд хэмжээний
уулзалтыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан болох төлөвтэй байна. Цагдаа нар Парис
хотод хамгаалалт, аюулгүй байдлаа дахин зузаатгажээ. Өчигдөр болсон
эсэргүүцэл, жагсаалын үер цагдаа нар 200
орчим хүнийг саатуулаад байна.
Ж.Маккейн Д.Трампыг шүүмжилжээ
Нэртэй сенатч Жон Маккейн Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа Дональд Трампын хэлсэн үгийг хатуу
шүүмжлэв. Трамп нэгэн уулзалт дээр, 2011 оны есдүгээр сарын 11-ний халдлагад лал
шашинтнууд баярласан хэмээн ярьсан аж.
“Трампын хэлсэн үг сонирхолтой үр дагавар үзүүлж
магадгүй. Дэлхий даяарх лал шашинтнуудыг АНУ-ын эсрэг турхирсан хэрэг боллоо”
хэмээн Маккейн ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй горилогчид
Сирийн хямрал, дүрвэгчдийг их ярьж байна, АНУ-д үүнээс илүү чухал, шийдвэрлэх
асуудал байгаа хэмээн тэрээр онцлов.
Цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд Туркт гурван тэрбумыг
өгнө
Европын холбоо болон Туркийн тал дээд хэмжээний уулзалт
хийсний дараа Анкарад гурван тэрбум евро өгөхөөр боллоо. Анкара хил хязгаарын
хяналт, хамгаалалтаа сайжруулж цагаач, дүрвэгчдийн урсгалыг сааруулж, мөн
Европт няцаагдсан цагаачдыг хүлээж авахын тулд энэ мөнгийг зарцуулах аж. Туркийг
Европын холбоонд элсүүлэх асуудлыг энэ онд дахин авч үзнэ хэмээн Ангела Меркель
амлажээ. Турк улс шаардлагатай бүх хууль дүрмийг дагаж мөрдсөн тохиолдолд
Европын холбооны орнуудад визгүй зорчуулах асуудлыг түргэтгэхээр болов. Туркийн
Ерөнхий сайд Ахмет Давутоглу “Турк, Европын
холбооны харилцаанд түүхэн өдөр боллоо” хэмээн цохон тэмдэглэв. Энэ онд
900 мянган цагаач Европт орж ирсэн юм. Тэдний ихэнх нь Сири, Ирак, Афганистан
дахь дайн, мөргөлдөөнөөс зугтсан хүмүүс ажээ.
No comments:
Post a Comment