Monday, November 23, 2015



Амьтдыг хувилж олшруулах хамгийн том төвийг байгуулна

Хятад улс амьтдыг эсийн аргаар хувилж олшруулах дэлхийн хамгийн том төвийг байгуулж байна. Зүүн хойд хэсгийн Тянжинь хот дахь техник, эдийн засгийн хөгжлийн бүсийн бааз суурь дээр энэ төвийг байгуулах аж. 31.3 сая долларын өртөгтэй төсөлд Өмнөд Солонгос оролцож байна. Төвийн барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Амьтдыг хувилж олшруулдаг эрдэмтэд 2016 оны эхний хагаст шинэ үйлдвэр дээр ажиллаж эхлэх бололтой.
Шинэ төвийн гол зорилго нь албаны, цагдаагийн нохой, гэрийн тэжээвэр амьтад, уралдааны морь, мөн мах, сүүний чиглэлээр ашиглах үхэр гаргаж авахад оршиж байна. Хувилах төвийг байгуулж буй толгой компанийн тэргүүний мэдэгдсэнээр, тус төвд нэг жилд үхрийн 100 мянган үр хөврөлийг үйлдвэрлэн гаргах ажээ. Үйлдвэр нь жилд нэг сая үр хөврөл гаргах хүчин чадалтай байх юм.

Амьтдыг хувилж олшруулах санаа махны чиглэлийн мал, амьтны тоо толгойгоо өсгөх эрмэлзэлтэй малчин, аж ахуй, фермерүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Нохойны хувьд гэвэл Сөүлийн Үндэсний их сургууль клон буюу эсийн аргаар хувилах туршлагатай. 2009 онд солонгосууд дэлхийд анх удаа клоны аргаар нохойг гаргаж авч байжээ. Энэ нохойг нисэх онгоцны буудал, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр мансууруулах бодис илрүүлэхэд ашиглаж байв. Хятад улс энэ чиглэлээр олон жилийн өмнөөс ажиллаж ирсэн юм. Хятад эрдэмтэд онцгой булчинтай анч нохойг бүтээсэн тухай эрдэм шинжилгээний судалгаа, өгүүллээ дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдэд нэг бус удаа нийтэлж байсан билээ. Тэд мөн ямаа, хонь, гахай, сармагчин дээр тун сонирхолтой туршилт, судалгаа хийж байв. Хятад улс аварга том төсвийнхээ ачаар амьтдыг эсийн аргаар хувилах салбарт ихээхэн хөрөнгө мөнгө хуваарилжээ. 2019 онд хятадууд амьтдыг хувилж олшруулах талбар дээрх хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлэхээр байна. Амьтдыг хиймлээр хувилж олшруулах нь дэлхий дахинд ихээхэн маргаан дэгдээдэг билээ. Улмаар хүн гэдэг амьтныг хувилж олшруулаад эхэлбэл яах вэ, үүнийг зөвшөөрч болох уу гэдэг асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. 

No comments:

Post a Comment