Tuesday, November 24, 2015




Зарлаагүй дайн

Арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн нисэх хүчин Сирид үүрэг гүйцэтгэж явсан Оросын Су-24 байлдааны онгоцыг буудаж унагалаа. Нэг нисгэгч амиа алдаж, нөгөө нь сураггүй байсан ч Сирийн цэргүүд олж Хмеймим дахь Оросын цэргийн авиа бааз дээр авчирчээ. Эрэл хайгуул хийж байсан Оросын нисдэг тэрэг газраас буудалтад өртсөний улмаас ослын буулт хийсэн байна. Энэ ослоор бас нэг цэрэг үрэгдэж, бусдыг нь очиж авчээ. Орос-Туркийн харилцаанд том хагарал үүсээд байна.

Москвагийн байр суурь

Дээрх хэрэг явдлаас хэдэн цагийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Манай онгоцыг Туркийн хилээс нэг км-ийн зайд Сирийн газар нутаг дээрТуркийн F-16 сөнөөгч онгоцноос “Агаар-агаар” ангиллын пуужингаар харваж унагалаа. Манай онгоц Туркийн хилээс дөрвөн км-ийн зайд Сирийн газар нутаг дээр уналаа. Манай нисгэгчид, манай онгоц Туркийн бүгд найрамдах улсад ямар ч аюул, занал учруулаагүй” хэмээн мэдэгдэв. Үйл явдал терроризмтэй тэмцэх ердийн тэмцлээс халин гарлаа хэмээн Оросын лидер анхааруулсан нь Туркийг террористуудын эгнээнд оруулан нэрлэсэнтэй адил зүйл болжээ. В.Путин Иорданы хаан Абдаллатай уулзах үеэрээ “Исламын улс бүлгийн эзлэсэн газар нутгаас Туркийн газар нутаг руу ихээхэн хэмжээний нефть, нефтийн бүтээгдэхүүн орж байгаа” хэмээн мэдэгдсэн нь Анкараг терроризмийг санхүүжүүлдэг хэмээн буруутгасан гэсэн үг. ОХУ-ын Гадаад хэргийн яам иргэдээ Египет, Синай шиг ауюлтай газар болон хувираад байгаа Туркт айлчлахгүй байхыг санууллаа. Ямартай ч энэ хэрэг явдал Туркт ихээхэн нөлөө, үр дагавар авчрах бололтой.

Анкарагийн байр суурь

Турк улс агаарын хилээ хамгаалсан хэмээн мэдэгдэж байна. Ерөнхийлөгч Эрдоганы хэлж буйгаар, Оросын онгоц Туркийн агаарын хилд нэвтэрч, туркууд таван минутын туршид арван удаа сануулга өгсөн аж. Туркийн тал Сиритэй холбоотой нөхцөл байдлын улмаас тэвчээртэй хандаж ирсэн хэмээн тэрээр онцлов. Дээрх хэрэг явдалд хүргэхгүйн тулд Турк бүх арга хэмжээг авсан гэдэгт хэн ч эргэлзэх хэрэггүй хэмээн Эрдоган мэдэгдлээ. Анкара холбоотнуудтайгаа хамтарч Сирийн Жараблус хот болон Газар дундын тэнгисийн эрэг хүртэл “Хүмүүнлэгийн аюулгүй байдлын бүс” байгуулна хэмээн нэмж хэллээ. Жараблус нь “Исламын улс” бүлэг өөрийн дайчдаа байрлуулж, цацдаг дамжлага нутаг юм. Турк улс энэ бүсэд хуурай замын цэргээ оруулахгүй, харин нисэх хүчин, артиллерийн галаар Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлнэ гэж байгаа аж.
Оросын онгоцыг буудаж унагасны дараа Туркийн эрх баригчид Кремльтэй хоёр талын хэлэлцээ хийхийг үл ойшоож, НАТО-гийн төлөөлөгчидтэй зөвлөгөөн хийжээ. Оросууд Туркийн талтай яаралтай уулзалт хийхийг хүссэн ч бүтэлгүйтсэн аж.

Туркууд өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийж, Оросын онгоц Туркийн агаарын орон зайд хэрхэн нэвтэрсэн схемийг хүртэл харуулав. Оросын онгоцонд таван минутын дотор арван сануулга өгч, хариу өгөхгүй болохоор нь пуужингаар харвасан гэж байгаа. Туркийн F-16 сөнөөгч онгоцноос харвасан пуужин байгаа онох үед Оросын онгоц Сирийн орон зайд нисч байжээ. Су-24 Туркийн агаарын орон зайд хэдхэн секунд байсан юм бол ямар таван минут, арван сануулгын талаар яриад байгаа нь ойлгомжгүй байгаа аж. ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Путин, Эрдоган нар байлдааны онгоц, агаарын хилтэй холбоотой асуудал, зөрчлийг Гадаад хэргийн яамны түвшинд шийдэж байхаар тохиролцож байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр  Туркт очиж зиндаа нэгтэнтэйгээ хэлэлцээ хийх байсан ч айлчлалаа цуцлаад байна.
Оросын нисэх хүчин “Исламын улс”-ын нефтийн орд газар, Турк руу нефть зөөж буй ачааны машинуудыг устгасны хариуд туркууд Оросын Су-24 онгоцыг буудаж унагасан байж болзошгүй. Мөн оросууд Сирийн газар нутаг дээр байлдааны ажиллагаа явуулахдаа эрс өөрчлөлт хийсэн нь Туркийн дургүцлийг хүргэж байгаа аж. ОХУ Башар Асадын дэглэмд тусалснаар Сирийг холбооны улс болгох асуудлыг босгож ирж байгаа юм. Энэ нь Туркийн хил залгаа нутагт Сирийн Курдистан улс бий болох магадлалыг нэмэгдүүлнэ. Турк дахь курдуудыг өдөн дуудаж өөгшүүлэх Сирийн Курдистан улсыг Анкара хүсэхгүй нь ойлгомжтой.
Оросын тал иргэдээ Туркт аялахгүй байхыг зөвлөсөн. Оросын аялал жуулчлалын компаниуд Турк руу аялуулах зар сурталчилгаагаа аль хэдийнэ зогсоожээ. Үүний зэрэгцээ ОХУ Туркт эрчим хүчний хямрал үүсгэж, эдийн засгийн хорит арга хэмжээ авч болзошгүй байна.

Бас нэг эрс хариу арга хэмжээ яригдаж байгаа нь Туркийн онгоцуудыг устгах. ОХУ-ын тал Сирийн Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа. Тиймээс энэ бүс нутагт Оросын цэргийнхний аюулгүй байдалд заналхийлж байгаа аливаа байлдааны техникийг устгах тушаалыг ОХУ-ын Батлан хамгаалах яам өгөх боломжтой ажээ.

No comments:

Post a Comment