Saturday, March 30, 2013






Эрхүү мужид бааранд гранат дэлбэлжээ

Эрхүү мужийн Новая Игирма тосгонд гранат дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ. Тосгоны “Каламбур”хэмээх бааранд эл явдал болжээ. Хэсэг залуус хоорондоо маргалдсаны дараа нэг нь гранат гаргаж дэлбэлсэн байна. Гранат дэлбэлсэн залуу нас баржээ. Нэг хүн газар дээрээ, бас нэг хүн эмнэлэг хүрэх замд амиа алдлаа. Бааранд дэлбэрэлт болох үеэр 15 хүн байсан бөгөөд шархадсан хүмүүсийн тоо аравт хүрч болзошгүй байна.

Домогт “Бумбараш” өөд болов

ОХУ-ын Ардын жүжигчин Валерий Золотухин гуравдугаар сарын 30-нд 72 насандаа хүнд өвчний улмаас өөд боллоо. Таганкийн театрын загалмайлсан эцэг, Высоцкийн анз найз, домогт “Бумбараш”, зөвлөлтийн үеийн кинонуудын цагдаагийн ажилтан Сережкиний дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон В.Золотухиныг төрөлх Быстрый Исток тосгонд нь нутаглуулахаар болжээ. Нэрт жүжигчин Золотухин Оросын Алтай нутгаас гаралтай бөгөөд бүхий л амьдралынхаа туршид төрөлх нутагтайгаа холбоотой байж, тосгондоо сүм босгож байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэрт жүжигчний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхдээ “Тэр ард түмний жинхэнэ цул алт байлаа. Түүний гайхамшигтай авъяас, өгөөмөр сэтгэл, уран бүтээлч сэтгэл тэр л хэвээрээ бидний сэтгэлд үлдэх болно” гэжээ.

Н.Мадуро Венесуэлийн сөрөг хүчнийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэжээ

Венесуэлийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро сөрөг хүчний төлөөлөгчдийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэж нэрлэлээ. “Тэд Гитлерийн Германы еврей хүмүүсийн эсрэг явуулж байсан ажиллагааг санагдуулж байна. Гитлерийг залгамжлагчид Кубын ард түмний эсрэг кампанит ажил өрнүүлж байна” хэмээн Н.Мадуро Баринас мужид мэдэгджээ.
Кубын 30 мянган эмч, сувилагч Венесуэльд ажиллаж, тус улсын ядуу ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Каракас хариуд нь Кубад өдөрт 100 мянган баррель нефть нийлүүлж байгаа билээ. Сөрөг хүчнийхэн “Эрх баригчид эргэлзээтэй үйлчилгээний хариуд нефтиэ бэлэглэж байна” хэмээн үзэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 14-нд болох Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас Николас Мадуро, сөрөг хүчнээс Энрике Каприлес нар өрсөлдөж байгаа юм. Э.Каприлесийн ээж нь Холокостоос зугтан Польш нутгаа орхисон еврей хүн ажээ.

No comments:

Post a Comment