Ву Ренбао: “Та хэдэн тонн алттай байсан ч өдөрт гурваас
илүү хооллож чадахгүй, тансаг орон сууцтай байсан ч нэгээс илүү орон дээр унтаж
чадахгүй”
-Коммунист намын гишүүн Ву Ренбао тосгоны оршин суугчдын
хөрөнгийг нийлүүлэн шинэ капиталист Хятадын билэгдэл болсон үйлдвэрлэлийн
төвийг босгосон юм-
Хятадын хамгийн баян тосгоныг хөл дээр нь босгосон Ву
Ренбао 85 насандаа уушигны хорт хавдраар таалал төгслөө. Коммунист намын
тэтгэвэрт гарсан гишүүн Ву Ренбао нь улс оронд нээлттэй эдийн засгийн системийг
нэвтрүүлсэн төрийн капитализмийн хамгийн тод төлөөлөгчдийн нэг юм.
Ву Ренбао өнгөрсөн даваа гаригт таалал төгссөн хэмээн
“Синьхуа” агентлаг мэдээлэв. 1928 оны арваннэгдүгээр сарын 17-нд мэндэлсэн
тэрбээр 1954 оноос Коммунист намд харъяалагдаж, Бүх Хятадын Ардын чуулганы
депутат, парламентын зөвлөлийн гишүүний албыг хашиж явжээ. Түүний олон гавъяа
шагналын дотор үйлдвэрлэлийн Жиансу мужийн, Шанхай хотоос 120 км-ийн зайд орших
Хуаши хэмээх жижигхэн ч Хятадын хамгийн баян тосгоныг үүсгэн байгуулсных нь төлөө
олгосон “Үлгэр жишээ ажилчин” шагнал тодорч харагддаг. Тус тосгоны оршин
суугчдын жилийн орлого 80 мянган юань (10 мянган евро) байдаг нь том хотын иргэдийн дундаж орлогоос дөрөв дахин, хөдөө суурингийн
оршин суугчдынхаас арав дахин давсан үзүүлэлт юм. Тиймээс Хуаши тосгоныхон
Хятадын хамгийн баян суурин гэдгээрээ бахархахаас өөр аргагүй ажээ.
Бүх зүйл Соёлын хувьсгал ид өрнөж байсан 1968 онд
эхэлжээ. Ву Ренбао тэр үед тосгонд амьдарч байсан 800 тариачныг цуглуулан
мөнгөө нийлүүлж газар тариалангийн багаж хэрэгслийн үйлдвэрийг нууцаар
байгуулжээ. Эрх баригчдын хүсэл зоригийг сөрж байгуулсан үйлдвэр нь жинхэнэ
амжилт олж, тосгоны ард түмний амьдралыг эрс сайжруулсан байна.
Мао Зедун нас барж, 1970-аад оны сүүлчээр Дэн Сяопин
нээлттэй эдийн засгийн бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхэд капиталист өмч
хөрөнгийн баялаг туршлагатай болчихсон байсан Хуаши тосгоны айлууд бусад хятад
иргэдийг бодвол хамаагүй давуу талтай гарааны зурхайгаас хөдөлжээ. “Бяцхан
залуурчин” (Дэн Сяопин) “Баяжина гэдэг бол агуу зүйл” хэмээн тунхагласны дараа 1992 онд Ву Ренбао
Засгийн газарт хандан төмөр, ган, цайр худалдаж авахын тулд нэг сая юанийн (125 мянган евро)
тусламж үзүүлэх хүсэлт гаргаж, санасандаа хүрчээ. Хэдхэн
сарын дараа Хятад орон даяар барилгажилтын “тэсрэлт” явагдаж, ган төмрийн үнэ
тэнгэрт хадаж, харин Хуаши тосгоныхны ашиг орлого хэд дахин өссөн байна.
Иймэрхүү гүйлгээ ухаан сайтай Ву 1994 онд 30 мянган
ажилчинтай, жилд 50 тэрбум юань эргэлдүүлдэг (зургаан тэрбум 252 сая евро) Huaxi
Group-ийг байгуулав. Тус групп төмөрлөгийн, хувцасны үйлдвэр,
аялал жуулчлал, химийн үйлдвэрлэл зэрэг өргөн бизнесийг хамарчээ. Гэвч энэ
корпорац социалист хэв загвараар ажилладаг. Өөрөөр хэлбэл, Ву Ренбаогийн үүсгэн
байгуулсан анхны үйлдвэрт хувь нийлүүлсэн айл, өрхүүдийн орон сууц, автомашин,
зээл зэрэгт ашгаа хуваарилдаг ч тэд хүртсэн ашиг, орлогынхоо 80 хувийг
эргүүлээд корпорацдаа хөрөнгө оруулалт болгон хандивладаг аж. Хиймэл нуурыг
эрэг дээрх тус бүр нь
500 м кв талбайтай 400 гаруй амины тохилог орон сууцанд амьдардаг Хуаши тосгоны уугуул оршин
суугчид хамгийн азтай хүмүүс. Хуаши нь Европын ямар ч хотын захаар байдаг
тансаг тосгонтой тун адилхан. Хятадын жижигхэн тосгоны энэхүү тансаг, сайхан
амьдрал “Та хэдэн тонн алттай байсан ч өдөрт гурваас илүү хооллож чадахгүй,
тансаг орон сууцтай байсан ч нэгээс илүү орон дээр унтаж чадахгүй” хэмээх Ву
Ренбаогийн уриатай салшгүй холбоотой юм.
Хуаши тосгоны 60 мянган оршин суугчийн хувьд боловсрол,
эмнэлэг үнэгүй. Анх 400 өрхийн 1500 оршин суугчтай байсан тосгон томорч, ойр
хавийн тосгон, сууринг “залгисаар” ийм болжээ. Гэвч Huaxi Group-ийн 25 мянган ажилчин нь өөр нутгаас ирсэн хүмүүс бөгөөд үйлдвэрийн дарга
даамлууд болон уугуул иргэд шиг цалин пүнлүү, эрх ямба эдэлдэггүй. Хуаши
тосгонд жил бүр хоёр сая жуулчин хөл тавьж, сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнд нь
зочилдог. Дэлхийн хамгийн өндөр 15 барилгын нэгд ордог 74 давхар, 328 метр
өндөр барилгатай эртний Хуаши тосгон нь Хятадын үсрэнгүй хөгжлийн нэг тод жишээ
ажээ.
No comments:
Post a Comment