Андрей Луговой: Березовский амиа хорлосон байж магадгүй
Лондонд улс төрийн орогнолоор амьдарч байсан Оросын
бизнесмэн, олигарх Борис Березовский гэнэт таалал төгссөн нь дэлхийн хэвлэл
мэдээллийн гол сэдэв болж байна. В.Путиний дэглэмийг хүчтэй шүүмжлэгчийн
гэнэтийн үхэл олон таамаг, сэжиг дагуулж байгаа юм. Их Британид цагаачлан
амьдарч байхдаа полони хэмээх асар хортой бодист хордон амь насаа алдсан Оросын
тусгай албаны экс тагнуулч Александр Литвиненкогийн үхэлд Их Британийн тал
Оросын тагнуулчдыг, тэр тусмаа ОХУ-ын Холбооны аюулгүй албаны ажилтан Андрей
Луговойг (эдүгээ Думын гишүүн) гол сжигтнээр нэрлэсэн билээ. Гэвч ОХУ түүнийг Их Британид шилжүүлэн
өгөхөөс татгалзсан юм. “Известия” сонин А.Луговойтой уулзаж, Березовскийн
үхлийн талаар асуужээ.
-Андрей Константинович, тантай ярилцах гэсэн юм..?
-Нуулгүй хэлэхэд, ярилцлага өгсөөр байгаад залхаж байна
шүү. Ам минь бүр чилжээ...
-Өнөөдөр бүгд л Березовский амиа хорлов уу, эсвэл түүний
үхэлд ямар нэг тусгай албад холбогдов уу гэж таамаглаж байна..?
-Хэн ч түүнийг хордуулаагүй, хэн ч түүнийг хөнөөгөөгүй.
Минийхээр бол, тэр амиа хорлосон гэдэг хувилбар л үнэнд дөхөж очих болов уу.
Тэр сэтгэл санааны гүн хямралд орсон байсан.
-Березовский нас барсан байшинд мэргэжилтнүүд хими,
цацраг идэвхт бодисын шинжилгээ хийж байна хэмээн Британийн хэвлэлүүд бичиж
байна. Энэ нь юутай холбоотой байж болох вэ?
-Литвиненкогийн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн нэг нь
Березовский байсан. Тиймээс тэд дахин бүгдийг нягтлахыг хүссэн биз. Британийн
нийгэм полонийн айдаст авчихсан л даа. Полони хаа сайгүй “нүдэнд нь харагдаж”
байгаа биз.
-Та Борис Абрамовичтэй ямар харилцаатай байсан бэ?
-Би долоон жил Оросоос гарч болохгүй болсон шүү дээ!
-Өмнө нь ямар харилцаатай байсан бэ гэж асуусан юм аа?
-Хамтарч ажиллаж байсан. Бидний дунд хамтарсан төслүүд
байсан, хувийн харилцаа бол байгаагүй. Дараа нь би түүнийг Литвиненког хороосон
гэж үзэж, харин тэр үүнийг намайг хийсэн гэж үзсэн тул бид салсан. Ийм л түүх
бий дээ.
No comments:
Post a Comment