Sunday, March 24, 2013








П.Мушарраф Пакистанд буцаж ирлээ

Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф эх орондоо буцаж иржээ. Түүний суусан нисэх онгоц гуравдугаар сарын 24-ний өглөө Карачи хотод газардсан байна. Мушарраф тавдугаар сарын 11-нд болох парламентын сонгуульд оролцохоор ийнхүү эх орондоо эргэж ирлээ. Дубай хотоос Пакистаны Карачи хотод нисч ирсэн экс Ерөнхийлөгч Карачи хотод хамтран зүтгэгчидтэйгээ уулзаж буй зургаа Facebook хуудсандаа тавьжээ.
Пакистанд ихэд нөлөөтэй болсон “Талибан” хөдөлгөөнийхэн “Мушаррафын амь насанд халдана, түүнийг устгах тусгай отрядыг байгуулсан” хэмээн мэдэгдээд байгаа. Үүний улмаас Мушаррафыг ёслол төгөлдөр угтаж авах гэж байснаа больсон юм.
Пакистаны армийн генерал Первез Мушарраф 1999 онд цэргийн эргэлтээр эрх мэдлийг гартаа авсан билээ. 2008 онд Асиф Али Зардарид суудлаа шилжүүлж өгснийхээ дараа тэрээр Лондонд амьдарч байв. Мушарраф терроризмийн эсрэг хатуу тэмцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн зарласан “Терроризмийн эсрэг дайн”-ы гол зүтгэлтний нэг байсан юм. Тэрээр “Аль-Кайда”-гийн дайчдын гурван халдлагыг тэсч, амьд гарсан аж. 2007 оны долдугаар сард Мушаррафын тушаалаар лалын радикалууд орж бүгсэн лалын сүмийг Пакистаны цэргүүд довтолсон байна. Үүний дараа тус улсад халдлага, дэлбэрэлт гаарсан билээ. Эдгээр халдлагын нэгэнд Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бхутто амь насаа алдсан. Равалпинди хотод болсон энэ халдлагад зарим хүн П.Мушаррафыг буруутгадаг ажээ.

Француудын 31 хувь нь Ф.Олландыг дэмжиж байна

Француудын дөнгөж 31 хувь нь Ерөнхийлөгч Франсуа Олландын ажлыг нааштайгаар дүгнэж байгааг судалгааны дүн харуулав. Хоёрдугаар сард энэ үзүүлэлт 37 хувьтай байжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь Олландын ажил үйлсэд сэтгэл дундуур байна. Ф.Олландын Засгийн газар арван сар ажиллаад ийм дүн авсан нь Францын түүхэнд гарч байгаагүй муу үзүүлэлт ажээ. Шинэ эрх баригчид жилд нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээс 70 хувийн татвар авах шийдвэр гаргасан нь судалгааны дүнд ийнхүү нөлөөлсөн бололтой.

Мексикт хотын даргыг бие хамгаалагчтай нь бууджээ

Мексикийн Сан-Хуан хотын дарга Фелисиано Мартинесийг бие хамгаалагчийнх нь хамтаар буудан хөнөөжээ. Гэмт хэрэгтнүүд отолт хийж, хотын даргын автомашин руу довтолсон байна. Мексикийн томоохон мафийн гишүүд энэ хэргийг үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Сүүлийн хоёр жилд хотын даргын аминд хүрсэн гэмт хэрэг дөрвөн ч удаа гараад байна. Мексикийн эрх баригчид гэмт бүлэглэлүүдийн эсрэг дайн зарлаж, ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм. 2006 оноос хойш мафиудын эсрэг дайнд 47 мянган амь насаа алдаад байна.

Европын холбоо Кипрт 10 тэрбум еврогоор туслана

Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар ээлжит бус чуулганы үеэр санхүүгийн хямралд ороод байгаа Кипр улсад 10 тэрбум еврогийн тусламж олгохоор шийдвэрлэв. Энэ тусламжийг Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран гаргах ажээ. Удаан маргалдсаны эцэст Киприйн банкинд 100 мянган еврогоос доош хадгаламжтай иргэдээс татвар авахгүй байхаар шийджээ.

Нигерийн шоронгоос 120 хоригдол оргожээ

Нигерийн зүүн хэсэгт орших шорон руу босогчид дайрч эмх журам алдагдсаны дараа 120 хоригдол зугтжээ. Босогчид шоронгийн том хаалгыг эвдэн орж, гяндангуудын хаалгыг онгойлгосон аж. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, лалын “Боко Харам” бүлгийнхэн энэ довтолгоог хийсэн бололтой. Нигерийн хойд нутагт лалын шариатын хуулийг тогтоохыг эрмэлздэг “Боко Харам” бүлэг нь хот, тосгодыг довтолж хүний амь насанд хүрэх нь энгийн үзэгдэл болсон юм. 2012 оноос хойш 600 орчим иргэн тус бүлгийн довтолгоонд амь насаа алджээ.

27 настай залуу гэрээсээ гаралгүй зургаан жилийн турш компьютер тоглож байна

27 настай хятад залуу Сяо Жин зургаан жилийн турш гэрээсээ гаралгүй компьютер тоглоомонд донтон суух болжээ. Сяо 2007 онд компьютер худалдаж авснаасаа хойш ажлаасаа гарч, бүхий л амьдралаа компьютерийн ард суун өнгөрөөх болсон байна. Тэрээр өдөр нь унтаж, бүхий л үөний турш PC тоглож, хааяа нэг хооллох гэж л суудлаасаа ховхордог аж. Сяо гэр бүлийнхэнтэй ярилцахаа больж, найз нөхөд ч гэхгүй болсонд ар гэрийнхэн нь ихэд санаа завж байна. Түүний энэхүү хачирхалтай байдлыг сонирхож ирсэн сэтгүүлчдийг Сяо хутга барин угтжээ. Түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй болсон хэмээн үзэж байгаа ар гэрийнхэн нь эмчлүүлэхийг хүсч байгаа аж.

Гурван долларын аягыг хоёр сая доллараар заржээ

Британийн нэгэн иргэн 2007 онд гурван доллараар жижигхэн, зааны ясаар бүрсэн шавар аягыг худалдаж авчээ. Тэрээр энэ аягаа зочны өрөөндөө шилэн хоргонд хадгалдаг байсан аж. Мань эр байшингаа худалдахдаа эл аягаа үлдээгээд явсан аж. Байшингийн шинэ эзэд уг аяга ямар учиртай, хаанахын эд вэ гэдгийг мэдэхийн тулд шинжээч, мэргэжилтнүүдийг авчирч үзүүлсэн байна. Гэтэл энэ нь Хятадын Сун улсын (960-1279 он) үеийн ховор бүтээл болох нь тогтоогдсон аж. Sotheby’s дуудлага худалдааны мэргэжилтнүүд энэ аягыг 200-300 мянган доллараар үнэлж дуудлага худалдаанд оруулахад Лондоны эртний эдлэл цуглуулагч Жузеппе Эшенази хэмээх эр хоёр сая доллараар үнэ цохин өөрийн болгожээ.

No comments:

Post a Comment