Сэтгэлд
дэндүү дотно эрх чөлөөний орон
Н.Мөнхжин
Эрх
чөлөөний арлын орон Куба нь ертөнцийн нөгөө бөөрөнд орших ч монголчуудын хувьд
хамгийн дотно, ах дүүгийн барилдлагатай улс билээ. Фидель Кастро, Эрнесто Че
Гевара тэргүүтэй хувьсгалчид Америкийн талыг баримтлагч дэглэмийг түлхэн
унагаж, социализм, коммунизмийг цогцлоон байгуулах их үйлсэд ханцуй шамлан орж,
одоо ч үзэл бодолдоо үнэнч зүтгэсээр даруй хагас илүү зууныг элээгээд байгаа
Куба орон. АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг түлхэн унагаж, хөрөнгөтнүүдийг хөөж
гаргасныхаа төлөө Вашингтоны зүгээс хориг арга хэмжээ, бүслэн хаалтад ороод 50
гаруй жил болж байгаа ч боловсрол, спорт, анагаах ухаанаараа дэлхийд
гайхуулсаар байгаа Куба. Дэлхий дээр хуруу дарам цөөн үлдсэн социалист, нэг
намын системтэй Куба орон. Ийм нэг “сонирхолтой” бөгөөд сэтгэлд ойр арлын Куба
оронд зочлох завшаан тохиолоо.
“Аэрофлот”-ын
Airbus агаарын хөлөг Москвагаас хөөрсний дараа “Таныг
манай авиа компаниар үйлчлүүлж буйд талархаж байна. Гавана хүртэл манай нислэг
12 цаг 30 минут үргэлжилнэ” хэмээн зарлаж байна. Миний хажууханд 30 орчим насны
нэг хар залуу таарсан нь харваас куба гэдэг нь илт. Бие хаа нь тэгш гоолиг,
тэгээд ч тамирчин мэт хувцасласан байсан тул спортын хүн байх хэмээн таамаглав.
Чилийсэн 12 цагийн нислэгийг унтаж, сэрж, сэтгүүл, видео энэ тэр үзэж
өнгөрөөсөөр уйдахдаа нөгөө залуутай яриа өдлөө. Нэр нь Рейнер.
-Сайн
байна уу, та куба хүн биз дээ?
-Тийм
ээ. Тө өөрөө?
-Аан,
би монгол.
-Өө,
Монгол... гайхалтай.
-Та
тамирчин хүн үү?
-Үгүй,
би балетчин.
-Тийм
үү?
-Тийм
ээ, би Италид ажиллаж, амьдардаг. Одоо амралтаа нутагтаа өнгөрөөхөөр явж байна.
-Хэзээнээс
гадаадад бүжиглэж байгаа вэ. Аль хотод байдаг юм?
-Би
гадаадад бүжиглээд дөрвөн жил болж байна. Эхлээд Венецийн, одоо Ториногийн
дуурийн театрт бүжиглэдэг.
-Сонирхолтой
юм байна. Нээрээ хоёр жилийн өмнө Монголд Бостоны балетийн бүжигчид ирж тоглоход
тэдэн дунд Родриго Алмаралес гэдэг куба залуу ирсэн. Түүний ур чадвар үнэхээр
гайхалтай байсан. Хамгийн шилдэг нь байсан. Та түүнийг мэдэх үү. Их алдартай
балетчин байсан.
-Родриго
Алмаралес аа... Дуулаагүй юм байна.
-Родриго
Алмаралес хэдэн жилийн өмнө Италид “Авъяастныг тодруулахуй” телевизийн шоунд
оролцож финалд шалгарч байсан юм байна лээ. Мэдэхгүй гэж үү?
-Тийм
шоу байдаг. Гэхдээ Алмаралесийг мэдэхгүй юм байна аа. Кубын олон сайн балетчин
гадаадын театруудад бүжиглэдэг. Маш олон байдаг.
“Бостон
балет”-ийн Алтанхуягийн авчирсан бүжигчид дунд байсан куба залуу Родриго
Алмаралес үнэхээр гайхалтай бүжиглэж байсныг та бүхэн санаж байгаа биз. Гэтэл
Кубаар дүүрэн, дэлхийгээр дүүрэн хэдэн мянган Родриго Алмаралесууд байдаг ажээ.
Энэ нь мэдээж эдүгээ 90 нас сүүдрийг зооглож яваа, дэлхийд зартай балетчин
явсан Алисиа Алонсогийн үндэслэн байгуулсан Кубын үндэсний балеттай (Balet Nacional de Cuba) салшгүй холбоотой. Кубын үндэсний балетийг
төгссөн л бол дэлхийн ямар ч дуурийн театрт гологдохгүй, ер нь бол урилга
заллагаар бүжиглэж явдаг бололтой.
Гавана
дахь Хосе Мартийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардаад паспортны
хяналтаар орох гэж харин овоо уддаг юм байна. 20-оод цонх байх ч тус бүр дээр
нь асар урт дараалал үүсч, нэлээн цаг авах юм. Хилийн хяналтаар орж, чемоданаа
аваад гараад ирэхэд таксичид “Гавана орох уу, ноёнтоон, 30-аар явна шүү” хэмээн
хоргооно. 30 гэдэг нь 30 хөрвөх песо. Кубын мөнгөн тэмдэгт нь песо. Гэхдээ песо
нь дотроо хоёр янз байх аж. Энгийн буюу Кубын песо, мөн хөрвөх песо гэж байна.
Одоо бол бараг ихэнх худалдаа, үйлчилгээ хөрвөх песогоор хийгддэг. Харин бүтэн
сайнд гардаг хүнс, ногооны зах, хямдхан идэш уушийн газар, жижиг мухлаг, хоолны
газруудад л энгийн песогоор тооцоо хийнэ. Нэг хөрвөх песо нь нэг америк
доллартай тэнцүү. Нэг хөрвөх песо нь 24 энгийн песотой тэнцэнэ.
Интернэтээр
мэдээлэл хайж байхад “Гаванын нисэх буудал дээр зөвхөн такси байдаг. Хувийн
автомашинаар хүн тосохыг хориглодог. Автобус нисэх буудлаас явдаггүй. Зөвхөн
таксигаар хотын төв рүү ордог” гэж байсан ч тийм биш байлаа. Албаны ч, хувийн ч
такси үйлчлүүлэгч хайгаад бужигнаж байх аж. Нисэх буудлаас гарахад 1950-аад оны
америк машинууд өөрийн эрхгүй нүд булаана. Кубад байдаг автомашинуудын тал хувь
нь 50-60 насласан ч ажрахгүй явсаар байдаг. “Buick”, “Chevrolet”,
“Cadillac” зэрэг дээр үеийн алдартай америк брэндийн
төмөр хүлгүүд нь аялагч, жуулчдыг татах нэг соронз болдог ажээ.
Нисэх
буудлын гадаа “Наашаа ноёнтоон, ийшээ суучих. Гаванын төв рүү такси 30-аар явдаг.
Би 25-аар явна. За наашаа” хэмээн хоргоолгож байх хооронд онгоцонд танилцсан
балетчин залуу гэнэт гарч ирээд “Эй, амиго. Манай дүүгийн найз машинтайгаа
ирчихсэн байна. Чамайг буух газар дээр чинь хүргээд өгье. 20 хөрвөх песо. Болно
биз дээ” гэлээ. “Тэгье тэгье” гээд суулаа. Нөгөө хуучин америк машин. Үнэхээр
сонин санагдаж, орчин үеийн таксигаар бус, 50-аад оны америк машинаар Гавана
орох болсондоо баярлав. Би ч урд суудалд, жолоочийн хажууд тухалж авлаа. Рейнер
дүүтэйгээ арын суудалд сууж хууч хөөрч байх хооронд Райдел хэмээх жолооч
залуутай танилцаж, бяцхан хөөрөлдөв.
-Энэ
хэдэн оны машин бэ?
-1953
оных.
-Америк
машин уу?
-Яг
тийм, ноёнтоон.
-Одоо
болтол явж байхыг бодоход та нар машинаа сайн арчилж, торддог байх нь ээ?
-Тэгэлгүй
яахав. Тордож, засч янзалж байж л хөдлөнө биз дээ.
-Иймэрхүү
машин ямар үнэтэй байх вэ?
-20-30
мянган доллар л гэдэг юм. Гэхдээ ийм өндөр үнээр авна гэж юу байхав дээ.
-Бензин
ямар үнэтэй байх уу?
-Литр
нь нэг хөрвөх песо. Гэхдээ бид нар контрбандын (хууль бус) бензин авч
машиндаа хийдэг юм. Хамаагүй хямдхан.
Тэртээ
тэргүй нисэх буудлаас 20-30 доллараар Гавана хот орох нь ойлгомжтой. Харин
балетчин залуу найздаа үйлчлүүлэгч олж өгч орлого оруулж байгаа нь тэр юмсанж.
Кубууд ийнхүү танил тал, найз нөхөддөө туслаж “сэргэлэнтэхдээ” гарамгай юм билээ.
Кубад
дундаж цалин тун бага тул ингэж хууль бусаар бараа таваар “гулгуулж” аргалахгүй
бол болдоггүй бололтой. Монголчууд бид өөрсдийгөө хамгийн сайн жолооч, хамгийн
сайн механик, засварчин гэж өргөмжилдөг бол биднээс илүү машиныг засч тордож,
“монголчилдог” хүмүүс тэнд байна шүү. Мотор болон бас бус болохгүй эд ангийг нь
солиод, засаад, будаж шунхдаад л яваад байдаг гэж байна. Хэдэн жилийн өмнө
Ховдод “69”-өө 14 жил тордож, хөдөлгөж яваа жолоочтой таарч шагшиж байж билээ. Гэтэл юун 14 жил, 50, 60 жил төмөр
хүлгээ амьдруулсаар байгаа хүмүүс бол зөвхөн кубачууд юм байна даа гэж
бодогдлоо. Зарим нь тэрхүү нас өндөр америк машиныг хурц, тод өнгөөр будаж
алаглуулан, дээгүүр нь задгай болгон жуулчдыг суулган “Сити тур” хийн багагүй
мөнгө олдог юм байна.
Америк
машинуудын хажуугаар Оросын “Лада”, “Жигули”, “Москвич” бас л духъя харагдана. “Шаахай-7”
хүртэл элбэг тааралдана. Япон, Солонгос, Германы сүүлийн үеийн машинууд бас
байна аа. Харин манайд “хогоороо” байдаг данхар жип ер нь байхгүй юм. Тэрхүү
хуучин америк машинууд нь манайхаар бол микрийн үйлчилгээ үзүүлдэг. Хуучин
Гавана орно гээд л хүмүүс суугаад буугаад, суугаад явах юм. Нэг зорчигч 10
энгийн песо буюу манай мөнгөөр 500-600 төгрөг төлнө. Нийтийн автобус нь бүр
хямдхан юм билээ. 100 төгрөг юм уу даа.
Куба
нь аялагч, жуулчдын хувьд үзэж, харах юм ихтэй. Виньялесийн хөндий, Санта Круз
дахь ром дарсны үйлдвэр, Варадеро, Каёо далайн эргийн амралт, Сапатагийн дархан
цаазат газар, Хувентуд арал, Фидель Кастрогийн төрсөн нутаг Ольгин, Сантьяго де
Куба, Тринидад хот гээд л жуулчдын сонирхлыг татсан, очих дуртай газар олон. Үүнээс
гадна Гавана бол дэлхийн аялагч жуулчдын хувьд алдартай хот. Эрнест Хэмингуэй,
Николас Гильен, Салвадор Альенде нарын орох дуртай байсан, Кубын алдарт Mojito (ногоон
нимбэг, гааны навч, ром дарсаар найруулсан ундаа) ундааны
төрсөн газар болох алдарт La Bodeguita del
Medio ресторан,
хүн төрөлхтний соёлын өвд багтсан Ариун Мариягийн цогчин дугана, Daiquiri ундаагаараа
алдаршсан Floridita ресторан, Капитолын ордон, Испанийн
колоничлолын үед баригдсан Морро хамгаалалтын цайз, Малекон, Хувьсгалын талбай,
Коппелиа гээд жуулчдыг огтхон ч уйдаахгүй. Үүний зэрэгцээ, цагаан, хар элстэй
далайн эрэг, амралтын газар, арлууд хэдэн зуугаараа байдаг. Хувьсгалаас өмнө
Америкийн толгой баячууд, нэртэй улстөрчдийн очиж амрах дуртай газар нь Куба
байсан гэдэг.
(үргэлжлэл бий..)
(үргэлжлэл бий..)
No comments:
Post a Comment