Б.Березовскийн амьсгаа боогдож өөд болжээ
Оросын бизнесмэн Борис Березовский амьсгаа нь боогдсоны
улмаас нас барсан хэмээн Британийн цагдаагийн газраас мэдэгджээ. Түүний биед 25-нд
задлан шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд ийм дүгнэлт гаргасан байна. Эмнэлгийн
үзлэгээр түүний биед ямар нэг хүч хэрэглэсэн гэх шинж тэмдэг илрээгүй аж. Гэвч
ямар нэг бодист хордсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. 67 настай
Березовский Беркшир дахь гэртээ нас барсан байхыг өнгөрсөн бямба гаригт олсон
юм. Энэ үеэр түүний гэрт нэг хамгаалагчаас нь өөр хэн ч байгаагүй ажээ.
Амиа золиослогчид цагдаагийн газрыг довтолжээ
Афганистаны Жалалабад хот дахь цагдаагийн газар руу амиа
золиослогч долоон этгээд довтолж, таван цагдаагийн аминд хүрчээ. Автомашин
жолоодож явсан нэг этгээд цагдаагийн газрын хаалгыг дэлбэлж, дараа нь хоёр
этгээд нэвтрэн орж бөмбөг дэлбэлсэн байна. Үлдсэн дөрвөн алан хядагчийг цагдаа
нар утсгажээ. “Талибан” хөдөлгөөнийхэн энэ халдлагыг үйлдсэнээ хүлээв. Тэд афган
цагдаа нарыг сургаж буй гадаадын, Израилийн багш нарыг онилсон гэдгээ
мэдэгджээ.
Boeing 787 Dreamliner-ийн туршилт амжилттай боллоо
“Боинг” компани зорчигч тээврийн Boeing 787 Dreamliner
нисэх онгоцыг амжилттай туршлаа хэмээн мэдээлэв. Аккумляторын сайжруулсан
системтэй нисэх онгоц туршилтын хоёр цагийн нислэгийг амжилттай хийжээ. Японоос
хөөрөх гэж байсан Boeing 787 Dreamliner нисэх хөлгийн аккумляторт доголдол
гарсны дараа АНУ-ын иргэний нисэхийн газар энэ нисэх онгоцыг хөөргөхийг түр
хориглоод байсан юм.
АНУ Израильд 40 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлнэ
АНУ Израильд 2018-2027 онд 40 тэрбум долларын цэргийн тусламж
үзүүлэхээр болов. 2017 он хүртэл АНУ жил бүр Израильд гурван тэрбум долларын
цэргийн тусламж үзүүлж байх гэрээ эдүгээ үйлчилж байна. Энэ гэрээ дууссаны
дараа тусламжийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа аж. Вашингтон гадаад дахь цэрэг
дайны санхүүжилтын хөтөлбөрийн (Foreign Military Financing, FMF) хүрээнд
Израильд ихээхэн хэмжээний тусламж үзүүлсээр иржээ. 1998-2007 онд жил бүр 2.4
тэрбум, 2008-2017 онд жил бүр 2.9-3.1 тэрбум долларын тусламж үзүүлж байгаа юм.
Дэлхийн II дайны үеийн шумбагч
хөлгийг олжээ
Норвегийн Берген хотын ойролцоох Хойд тэнгисийн ёроолоос
Германы U-486
шумбагч хөлгийг оллоо хэмээн тус хотын тэнгисийн музейн
захиргаанаас мэдэгдэв. Шумбагч хөлгийг дайсны радарт орохоос сэргийлэхийн тулд
хиймэл каучук материалаар бүрсэн байжээ.
U-486 шумбагч хөлөг нь 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд Британийн шунгагч минад
өртөн живжээ. Экипажийн гишүүд бүгд амь үрэгдсэн аж. U-486 сүйрэхээсээ өмнө Америкийн 763 тэнгисийн цэргийг авч явсан Бельгийн хөлөг
онгоцыг буудаж живүүлээд байсан юм.
Сирийн Ерөнхийлөгч Б.Асад амь үрэгдсэн үү
Арабын ертөнцийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сирийн
Ерөнхийлөгч Башар Асад алуулсан хэмээн мэдээлж, үүний дараа энэ мэдээлэл
өрнөдийн хэвлэлээр цацагдаад байна. Гэвч ямар ч албан ёсны нотолгоо байхгүй
байгаа юм. New York Daily News мэдээлж буйгаар, Сирийн лидерийг өнгөрсөн бямба
гаригт Мехди Якоби гэгч иран бие хамгаалагч нь буудан хөнөөжээ. Башар Асадын
цогцсыг Дамаскийн эмнэлэгт хүргэж, Сирийн зэвсэгт хүчнийхэн эргэн тойрныг нь
хамгаалалтад аваад байгаа бололтой.
Гэвч Сирийн Москва дахь элчин сайд дээрх мэдээллийг
няцааж “Манай Ерөнхийлөгч эрүүл саруул, ажлаа хийж байгаа. Тэр үхсэн гэдэг нь
худал” хэмээн “Новости” агентлагт ярьжээ. Сирийн армийнхан ч Асадын үхлийн
талаарх мэдээллийг няцааж байна. “Энэ худлаа. Израилийн хэвлэлүүд эхлээд энэ
цуу яриаг тараасан. Үүнээс гадна Асадад иран бие хамгаалагч байхгүй” хэмээн
Сирийн армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
No comments:
Post a Comment