Saturday, March 23, 2013




Олигарх Борис Березовский таалал төгсчээ

-Тэрээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Орос оронд буцаж очмоор байна, өөр юу ч хүсэхгүй байна”  хэмээн ярьжээ-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүчтэй шүүмжлэгч, олигарх Борис Березовский өнгөрсөн бямба гаригийн шөнө Лондоны Сюррей гүнлэг дахь гэртээ нас барсан байхыг оллоо хэмээн “ВВС” мэдээлэв. Оросын мэдээллийн “Новости” агентлаг ч энэ тухай Б.Березовскийн хүргэн Егор Шуппегийн Facebook дахь “Борис Березовский таалал төгслөө” гэсэн мэдээллээс иш татан уламжилжээ. Б.Березовский сүүлийн 13 жил Их Британид амьдарч байсан юм. Тэрээр 1946 оны нэгдүгээр сарын 23-нд Москвад төржээ. 2000 онд Их Британи руу цагаачилсан байна. Б.Березовский сүүлийн үед зүрхний өвчнөөр шаналж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байжээ. Тэрээр сүүлийн үед сэтгэл санааны хямралд орж, найз нөхөд, танилуудтайгаа ч харилцахаа больж, олон нийтийн өмнө гарахаа болиод байсан хэмээн хүргэн Е.Шуппе нь ярьсан байна.
Одоогоор Британийн цагдаагийн газар орос тэрбумтан нас барсан гэх мэдээллийг баталгаажуулж албан ёсоор зарлаагүй байна. Б.Березовскийн Орос дахь өмгөөлөгч Андрей Боровков “Би Борис Абрамовичийн талаар юу ч мэдэхгүй байна. Түүнтэй холбоо барилгүй удсан” хэмээн мэдэгджээ. Харин өөр нэг өмгөөлөгч нь болох Александр Добровинский Б.Березовскийн талаарх таагүй мэдээг баталсан байна.
Владимир Путинийг эрх мэдэлд ирэх хүртэл Оросын Засгийн газарт нэр, нөлөөтэй байсан Борис Березовский 2000 оноос хойш Их Британид улс төрийн орогнол олж амьдарч байсан билээ. Тэрээр В.Путиний Засгийн газар болон холбоотнуудыг нь хатуу шүүмжилдгээрээ дэлхий нийтэд танигдсан юм. 67 настай Березовский өнгөрсөн жил Оросын тэрбумтан Роман Абрамовичтэй 3.75 тэрбум долларын өр авлаганаас болж маргалдан, шүүх дээр ялагдал хүлээсэн билээ. “Р.Абрамович намайг сүрдүүлж, айлгаж “Сибнефть”-ийн хувьцааг минь бодит үнээс нь хамаагүй хямдаар заруулсан” хэмээн Б.Березовский Британийн шүүхэд хандсан ч шүүх энэ буруутгалыг нь үндэслэлгүй хэмээн үзсэн ажээ.
Б.Березовский ч, Р.Абрамович ч Борис Ельциний Орос оронд баяжиж, хэдэн зуун саяын хөрөнгөтэй болсон юм. Зөвлөлтийн үеийн математикч, Б.Ельциний гэр бүлийн найз Березовский автомашин зуучлан, борлуулагчаас бизнесээ эхэлж байв. В.Путин эрх мэдэлд гарч ирсний дараа Кремльтэй зөрчилдөх болсон орос олигарх гадаадын хэд хэдэн орон дамжин амьдарсны эцэст Их Британийг сонгож авчээ. 2006 онд Лондон хотноо полони хэмээх цацраг идэвхт бодист хордон нас барсан Оросын экс тагнуулч Александр Литвиненко, Борис Березовский нар сайн найз байжээ.
ОХУ-ын Прокурорын газраас Б.Березовскийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтыг хааж магадгүй. Мөрдөн шалгах комиссын албан ёсны төлөөлөгч Владимир Маркин “Мөрдөн шалгах хороо Березовскийн үхлийн талаарх баталгааг Английн талаас хүлээж авбал түүнийг буруутгаж байгаа эрүүгийн хэргийг хааж болно. Түүний ар гэрийнхэн зөвшөөрвөл хэргийг хаана” хэмээн ярилаа. ОХУ Березовскийг шилжүүлж авахаар 2003 оноос хойш хүсэлт гаргасаар байсан ч Британийн эрх баригчид няцаасаар ирсэн юм.
Б.Березовский нас барахаасаа хэдхэн цагийн өмнө “Forbes” сэтгүүлийн орос хувилбарт ярилцлага өгчээ. “Би Орост буцаж очмоор байна. Би өөр юу ч хүсэхгүй байна, Орост л буцаж очмоор байна. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн ч хамаагүй, би эх орондоо л буцаж очихыг хүсч байна. Орос орон надад ямар их үнэтэйг би дутуу үнэлж байжээ. Би насаараа цагаач байхыг хүсэхгүй байна” хэмээн Березовский ярьсан аж. “Би олон дүгнэлтээ өөрчилсөн. Би Орос орноо дутуу үнэлж, өрнөдийг хэт дөвийлгөн үнэлж байжээ. Миний амьдрал утгагүй болчихлоо. Би юу хийхээ мэдэхгүй байна. 67 хүрчихлээ, юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн олигарх сүүлчийн ярилцлагадаа онцолжээ.

No comments:

Post a Comment