Saturday, March 30, 2013





Хоёр Солонгос дайтвал хэн нь ялах вэ?

-Ким Чен Уны нэг сая цэрэгтэй коммунист дэглэм АНУ-аар дэмжүүлсэн Өмнөд Солонгосын орчин үеийн армийг заналхийлж байна-

Хоёр Солонгосын хооронд дайн болвол хэн нь ялах вэ? Зургаан аравны өмнө Хятад улс коммунист Хойдод, АНУ капиталист Өмнөдөд тусалснаар дайн тэнцээгээр дууссан билээ. Солонгосын дайн гурван жил үргэлжилж, таван сая хүн амь насаа алдаж, Солонгосын хойг мөргөлдөөний өмнө байсан шигээ 38-р өргөргөөр хуваагдан үлдсэн юм. Хүйтэн дайны сүүлчийн хил хязгаар нь дөрвөн км өргөн, 240 км урт зурвасаар хоёр улсыг тусгаарлаж байдаг. Хэдийгээр энэхүү “Хэний ч бус газар”-ыг Цэрэггүй бүс хэмээн нэрлэдэг ч цэрэг, зэр зэвсэг, газарт булсан мина хамгийн их цугларсан дэлхийн бүс нутаг болоод байна. Хилийн ойролцоох миныг цэвэрлэхэд 300 жил шаардагдана хэмээн мэргэжилтнүүд үздэг ажээ.
38-р өргөргийн хойд талд дэлхийн хамгийн анхны коммунист үе залгамжилсан улсыг үүсгэн байгуулсан Кимүүдийн өршөөлгүй дэглэмээр удирдуулсан дэлхийн хамгийн ганцаардсан, “алслагдсан” улс бий. Хойд Солонгос хаалттай байдлаараа ах дүү Кастрогийн Куба улсыг ч хол хаяжээ. Өмнөд хэсэгт нь Азийн хамгийн үйлдвэржсэн, хөгжин цэцэглэсэн улсуудын нэг болох Өмнөд Солонгос байдаг билээ. 50 саяаар тоологдох өмнөд солонгосууд өндөр хурдны интернэт, бүх төрлийн дижитал төхөөрөмжүүд ашиглан цэнгэдэг бол, 23 сая хойд солонгосууд картын бараагаар дөнгөн данган хооллож, өдрийн хэдхэн цагт нь хязгаарлалттайгаар цахилгаан хэрэглэж байна. Хиймэл дагуулаас Солонгосын хойгийн шөнийн зургийг авахад нэг тал нь гэрэл, нөгөө нь тас харанхуй гэсэн хамгийн “тод” өнгө ялгарал харагдаж байжээ.
Пхеньяны сталинист дэглэм зүдэрсэн ард түмнээ бүрэн хооллож чаддаггүй ч цэргийнхнийг илүүд үздэг “сонгүн” бодлогодоо хөтлөгдөж нэг сая илүү цэрэгтэй армидаа хамгийн их хөрөнгө мөнгийг зарцуулдаг. Хэдийгээр Хойд Солонгос гурван ч удаа цөмийн бөмбөг туршиж, Аляска, АНУ-ын эрэгт хүрэх чадвартай пуужинтай болсон хэмээн баталж байгаа ч шинжээчид тэдний пуужингийн чадварт эргэлздэг аж. Хойдуудын пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах эсэхэд ажиглагчид ихэд эргэлздэг аж.
Гэвч Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот хилээс 50-хан км-ийн зайд байдаг, нэг сая цэрэгтэй, дөрвөн сая бэлтгэл цэрэгтэй Хойд Солонгосын армид гурван мянган км-ийн тусгалтай, Японд ч хүрч чадах богино болон дунд тусгалын хэдэн зуун пуужин бий. Үүнээс гадна, хими, биологийн зэвсэгтэй байж тун магадгүй. Цөмийн зургаан бөмбөг үйлдвэрлэхэд хүрэлцэх долоон кг плутонитой ажээ. Пхеньяны агаарын хүчин 820 байлдааны онгоцтой. Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны тооцоогоор, 460 байлдааны онгоцтой аж. Гэвч хойдууд нефтиэр хомс тул тэдгээр онгоцуудаа хөөргөх түлшээр дутагдаж байдаг бололтой.
Хойд Солонгос 4200, Өмнөд Солонгос 2400 танктай. Гэвч өмнөдүүдийн танкууд нь хамгийн сүүлийн үеийн, сайтар тоноглогдсон. Мөн Пхеньяны мэдэлд агаараас эсэргүүцэх 12 мянган артиллерийн гал, хамгаалалтын 10 мянган пуужин байдаг бөгөөд тэдгээрийн ихэнхийг хил орчимд татан төвлөрүүлээд байна. Өмнөд Солонгос өөрсдийгөө хамгаалахын тулд агаараас эсэргүүцэх 330 их буу, мянга орчим пуужингаа бэлэн байдалд оруулжээ. Сөүлийн арми 700 мянган цэрэгтэй, 4.5 сая бэлтгэл цэрэгтэй. Үүн дээр Солонгосын дайн дууссанаас хойш хил орчимд байрласаар байгаа АНУ-ын 28 мянган тэнгисийн цэрэг, Япон дахь баазуудад үүрэг гүйцэтгэж буй 15 мянган америк цэрэг нэмэгдэх юм.

No comments:

Post a Comment