Wednesday, March 27, 2013








Шар хэвлэлд мэдээлэл дамжуулсан цагдаа нарыг шийтгэлээ

Их Британид цагдаагийн хоёр ажилтныг “The Sun сонинд мэдээлэл дамжуулж шан харамж авсных нь төлөө хорих ялаар шийтгэлээ. 40 настай Алан Тирни “Челси”-гийн хөлбөмбөгч Жон Терригийн ээжийг баривчилсан болон Rolling Stones хамтлагийн гитарчин найз бүсгүйгээ зодож баривчлагдсан тухай мэдээллийг сонинд дамжуулаад 1250 паунд авсан хэргээр 10 сар хоригдох ял сонслоо. 31 настай цагдаа Ричард Транкфилд мөн “The Sun” сонинд 1993 онд алуулсан хоёр хөвгүүний талаарх мэдээллийг дамжуулаад 3500 паунд шан харамж болгон авчээ. Тэрээр 16 сар эрх чөлөөгөө хасуулахаар болов. Бас нэг цагдаа ийм хэргээр хоёр жилийн ял сонсчээ. Тэд бүгд хэргээ хүлээсэн байна.

Колорадогийн алуурчин хэргээ хүлээхэд бэлэн

2012 оны зун Колорадогийн кино театрт балмад аллага үйлдсэн Жеймс Холмс мөрдөн байцаалтад тусалж хэргээ хүлээхэд бэлэн байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдэв. Прокурор энэ хүсэлтийг нь хүлээн авбал Холмс цаазын ял авахаас зайлсхийх боломжтой болох юм. Прокурор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй зөвлөлдсөний дараа хэрэгтний хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийдэх юм. Хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд Холмсийн шүүх хурал хэдхэн хоног үргэлжилж, тэрээр хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр насаараа хоригдох ялаар шийтгүүлнэ.
24 настай Жеймс Холмс 2012 оны долдугаар сарын 20-нд “Бэтмен” киноны нээлтийн үеэр Денвер хотын кинотеатрт нэвтрэн орж гранат шидэж, нулимс асгаруулагч хий цацсаныхаа дараа гал нээн 12 хүний аминд хүрч, 58 хүнийг шархдуулсан юм. Үүний дараа Холмс цагдаа нарт сайн дураараа бууж өгчээ.

Туркт Сирийн дүрвэгсэд эсэргүүцлийн жагсаал хийжээ

Туркийн зүүн хэсэг дахь сири дүрвэгсдийн хуаранд гал гарч нэг хүүхэд нас барсны дараа хоёр мянга орчим дүрвэгч хуарангийн захиргааны байрны өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд хуарангийн амьдралын нөхцөл хүнд байна хэмээн тайван жагсаал хийж байсан ч Туркийн цагдаа нулимс асгаруулагч хий ашиглан жагсаалыг хүчээр тараасан аж. Үүний улмаас уурлаж хилэгнэсэн сири дүрвэгсэд чулуу, модоор зэвсэглэж, хуарангийн хашааг эвдэн хязгаарыг нь давжээ. Туркийн цагдаа усан буу хэрэглэн 70 орчим хүнийг баривчлан саатуулаад байна. Тэднийг эх орон руу нь буцаах бололтой. Одоогоор Туркийн газар нутаг дээр Сирийн 200 мянган дүрвэгч амьдарч байна.

Хамгийн том авиа компани байгуулагдахыг дэмжлээ

Нью-Йоркийн шүүх American Airlines болон US Airlines ави компанийг нэгтгэх гэрээг дэмжлээ. Хоёр компани 2013 оны хоёрдугаар сарын 14-нд нэгдэх гэрээ байгуулж, удирдлагууд нь дэмжсэнээр дэлхийн хамгийн том авиа компани байгуулагдах нөхцөл бүрдсэн юм. American Airlines дампуурлын байдалд байсан тул шүүхийн зөвшөөрөл шаардлагатай болсон юм. Шинэ авиа компани нь American Airlines гэдэг нэрийг авч үлдэх бөгөөд төв байр нь Техас мужийн Форт-Уортод байрлахаар болов. Авиа компанийн мэдэлд 950 нисэх онгоц байгаа ба өдөрт 6700 нислэг хийх ажээ.

Марк Цукерберг улс төрийн хөдөлгөөн байгуулна

Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг улс төрийн хөдөлгөөн байгуулах бодолтой байгаагаа зарлалаа. Тус хөдөлгөөн нь судалгаа шинжилгээ, боловсролын асуудлыг хөндөх бөгөөд юуны түрүүнд Америкийн иргэншилтэй болох асуудлыг хөнгөвчлөх цагаачлалын шинэчлэл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх аж. М.Цукерберг энэ зорилгодоо 50 сая доллар цуглуулахаар төлөвлөжээ. Түүний улс төрийн хөдөлгөөнд LinkedIn Corp интернэт компанийг үндэслэгч Рейд Хоффман, Жо Грин болон улс төрийн шинжээчид нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Виндзорын шилтгээнийг түлээгээр халаахыг зарлигдав

Их Британийн хатан хаан II Элизабет хэмнэлт гаргахын тулд хотын захын өргөө-Виндзорын шилгээнийг түлээгээр халаах зарлиг гаргалаа. Эдүгээ шилтгээнийг мазутаар халаадаг аж. “Виндзорын шилтгээнийг цаашдаа хатан хааны эдэлбэр газраас түүсэн гишүү, мөчрөөр халаах болно” хэмээн “ВВС” мэдээлэв. Хатан хаан мазут худалдаж авахаас бүрэн татгалзаж байгаа аж. Харин тэрээр түлээнд мөнгө төлөхгүй. Хатан хааны ойгоос хуурай түлээ, мөчир түүх үүргийг ой хамгаалагчид хүлээж байгаа юм.
Хотын захад орших Виндзорын шилтгээнд Британийн хатан хаан хавар, намрыг өнгөрүүлдэг. Шилтгээн 3.1 га ой модоор хүрээлэгдсэн байдаг ажээ.

No comments:

Post a Comment