Роберта Якобсон: Хоригийг цуцлахын тулд Кубаас илүү чухал
өөрчлөлтийг хүлээж байна
Кубад өөрчлөлт, шинэчлэл явагдаж байгааг АНУ-ын засаг
захиргааны өндөр албан тушаалтнуудаас анх удаа хүлээн зөвшөөрсөн хүн нь Роберта
Якобсон болж байна. Тэрээр АНУ-ын Төрийн департаментын тэргүүний Латин
Америкийг хариуцсан зөвлөх Роберта Якобсон “El Pais” сонинд дараахь
зүйлийг ярьжээ.
-Уго Чавесийн үхэл Кубад хэрхэн нөлөөлөх бол?
-Хэрхэн нөлөөлөх нь кубуудаас л хамаарна. Куба, Венесуэль
хоёр маш сайн, дотно харилцаатай явж ирсэн. Энэ харилцаа тийм хурдан өөрчлөгдөхгүй
байх. Гэхдээ Кубын эрх баригчид ирээдүйг харсан эдийн засгийн өөрчлөлт хийж
байгааг бид харж байна. Куба арал олон жилийн турш эдийн засгийн хувьд зовж
зүдэрсэн. Эдийн засгийн систем нь ажиллаагүй, одоо тэд глобал дэлхий, орчин
үеийн дэлхийн хөгжлийг тусгаж авахын тулд эдийн засгийн системээ аажмаар,
удаанаар нээж байна. Кубын газар нутгаас нефть хайж олох сүүлчийн хүчин
чармайлт нь бүтэлгүйтсэн. Тиймээс тэд эдийн засгаа хөгжүүлэх өөр арга замыг
хайж байна.
-Куба улс өөрчлөгдөж байгааг та хүлээн зөвшөөрч байна уу?
-Бид өөрчлөлтийг харсан, гэхдээ том бус, системийн бус
өөрчлөлтийг. Тэд худалдаа наймаа, бизнес эрхлэхийг зөвшөөрч, орон сууц,
автомашинаа зарж, худалдан авдаг болж эдийн засгийн системдээ өөрчлөлт хийж
байгааг бид харлаа. Эдгээр өөрчлөлт нь чухал байж болох юм. Гэвч бид улс төрийн
өөрчлөлтийг олж хараагүй л байна.
-Куба өөрчлөгдөж байгаа юм бол АНУ яагаад хориг арга
хэмжээгээ цуцлахгүй байгаа юм бэ?
-Энэ нь ганцхан Ерөнхийлөгчөөс шалтгаалахгүй. Ерөнхийлөгч
Куба руу аялахыг чөлөөтэй болгох, хүмүүсийн хоорондох харилцаа холбоог
нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн. Хүмүүнлэгийн, соёлын, шашны харилцаа
холбоог бид шинэ шатанд гаргахыг хүсч байна. Бид Кубын иргэний нийгмийг
хөгжүүлэхийг хүсч байна.
-Хориг арга хэмжээг цуцлачихвал энэ бүх харилцаа эрчимжих
юм биш үү?
-Эдийн засгийн хүрээнд өөрчлөлт гарч буйг харлаа. Гэвч
улс төрийн салбарт өөрчлөлт хийгдэхгүй байна. Хоригийг цуцлахын тулд Кубад улс
төрийн өөрчлөлт хийсэн байх шаардлагатай. Тэнд улс төрийн намууд алга, чөлөөт
хэвлэл ч байхгүй байна. Бид хориг арга хэмжээний хуулийг өөрчлөхийн тулд Кубаас
илүү чухал өөрчлөлтийг хүлээж байна. Конгресс үүнийг шийднэ.
No comments:
Post a Comment